Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Долларын ханш өчигдрийн байдлаар 1856 төгрөгтэй тэнцэв.  Ханшийг тогтворжуулах талаар төр засаг, төв банкны зүгээс тодорхой алхамуудыг авч хэрэгжүүлж буй ч хүссэн үр дүнд хүрч чадахгүй байна.  Яагаад тэр вэ? Шалтгаан нь тодорхой. Тун ойлгомжтойгоор хэлбэл, манай улсад доллар орж ирэхгүй байна гэсэн үг.

Хэдийгээр эрдэс баялгийн экспортын хэмжээ бага зэрэг өссөн сайн мэдээ байгаа боловч үргэжилсэн үнийн уналтаас болоод Монголд орж ирэх гадаад валютын  орлого олигтойхон нэмэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл, дотогшлох болон гадагшлах ам.долларын хэмжээ асар зөрүүтэй, ханшийн өсөлтөөс болоод хямрал улам л гүнзгийрэх хандлагатай байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг төвшинөөр ухарсан, нүүрс, зэсийн үнэ унасан, хөрөнгө оруулалтын хэмжээ төдийлөн нэмэгдээгүй, улсын төсөв өм цөм дутсан энэ нөхцөлд  дотоодын боломжоо ашиглан хөрөнгө босгох, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх ямар гарц  байна вэ.  Долларын савалгаанаас үүдэлтэй эмзэг байдалд орчихоод байгаа эдийн засагт  дэмжлэг болох, цаашлаад  улс орны зээлжих зэрэглэлийг ахиулж,  30 хувиар уначихаад байгаа төгрөгийг ханшийг чангаруулахын тулд хөрвөх чадвартай эрдэсийг  ашиглах нь хамгийн зөв хувилбар юм.  Учир нь  аль ч улсын төв банкин дахь алтны нөөц арвин байх хэрээр тухайн орны мөнгөн тэмдэгт баталгаатай болдог.  Нөгөөтэйгүүр, төв банкин дахь алтны нөөц нь зээлээ төлөх баталгаа болдог гэдэг утгаараа  улс орны үнэлэмжид эерэгээр нөлөөлдөг. 

Алтны нөөцөө арвижуулах талаар төр засгийн бодлого байгаа оносон гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм.  УИХ өнгөрсөн жил алтанд тавих рояльти татварыг  10 хувиас 2.5 хувь болгон бууруулсан нь хулгайн замыг хумиж,  төв банкны  Эрдэнэсийн сан дахь алтны нөөц нэмэгдүүлсэн сайн мэдээ бий.  Уул уурхайн яамнаас өнгөрсөн лхагва гаригт зохион байгуулсан  “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр Монголбанкинд тушаагдсан алтны хэмжээ 4.1 тонн болж нэмэгдсэнийг дуулгав. Өнгөрсөн 2013 онд бохир жингээр төв банк зургаан тонн алт худалдаж авсантай харьцуулахад энэ жил харьцангүй өөдрөг төсөөлөл харагдаж байна.  Илүү тодорхой, тоо баримтад түшиглэж хэлбэл, жилийн эхний хагаст тушаасан алтны хэмжээ хоёроос гурав дахин өсөх, зөвхөн шороон ордоос гэхэд 10 тонн алт Монголбанкинд тушаагдах магадлал өндөр. Үүний тулд алтны салбарт ахин нэг дэмжлэг хэрэгтэй байгаа юм. 1.6 тэрбум ам.доллар болтлоо буурсан гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд монголчуудад алт л хэрэгтэй. Эдийн засгийнхаа дархлааг сайжруулахын тулд долларын өсөлтийг хазаарлаж, төгрөгийн уналтыг зогсоох хамгаалалт нь өнөөдрийн хувьд алт.  Тиймээс алтны салбарынхны үйл ажиллагааг хөрөнгө оруулалтаар дэмжих нь алтаа ахиухан авдарлах боломж нээгдэнэ гэсэн үг. Өнгөрсөн хавар алтны салбарт 170 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон гэх мэдээлэл цацагдаж байсан ч тэгсхийгээд таг чиг болчихсон.  Уг нь төр засаг алтныханд амалсан мөнгөө өгсөн бол гадаад валютын нөөц нэмэгдэж, долларын ханш тогтворжиход тодорхой хэмжээгээр нөлөөлөх байсан нь гарцаагүй. Тодруулбал, алтны салбарт 170 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийснээр буцаагаад   440 сая долларыг олох боломжтой байв.

Алтны шороон ордоос энэ жил 10-11 тонн алтыг олборлохоор тооцоод байгаа бөгөөд үүний тулд 300 тэрбум буюу 170 орчим сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдал орсны улмаас алтны компаниудын техник, технологи нэлээд хуучирсан. Тиймээс орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах, хүчин чадлаа нэмэгдүүлэх гээд алтны компаниудад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа нь мэдээж.   “Бага чулуугаар их чулууг доргино” гэгчээр алтны салбарт  багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр эргээд эдийн засагтаа томоохон хэмжээний мөнгө олох боломж бий.  Гурван зуун тэрбум төгрөгөөр оюутнуудыг архидуулах уу, алтны салбарт хөрөнгө оруулж мөнгө босгох уу, аль нь улс орны эдийн засагт ашигтай вэ гэдгийг бодолцох хэрэгтэй бус уу.

Алт хөрвөх чадвартай металл гэдгээрээ бусад эрдэс баялгаас онцлогтой.  Улс орны эдийн засгийн баталгаа болж байдаг учраас үнэ ханш нь өндөр. Хаана ч  аваачаад зарах зах зээл нээлттэй.  Хэрэв манай улс  жилдээ 30-40 тонн алтаар валютын нөөцөө нэмэгдүүлэх хүчин чадал хангалттай байна гэж тооцвол алтны салбарын сэргэлт эдийн засгийн  нэг  эерэг баталгаа болох бус уу. Хамгийн чухал нь өнөөдрийн хямралаас гарах ганц гарц нь алтаа ахиухан авдарлах  явдал.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж