Дэлхийн оффшорын бүсүүдэд 7600 тэрбум доллар хадгалагдаж байна гэсэн дүгнэлтийг Лондоны эдийн засгийн сургуулийн профессор Габриэль Зукман (Gabriel Zucman) хийлээ. Түүний тоолсон эдгээр долларын эзэд татвараа төлсөн бол олон орнууд төсвийн асуудлаа шууд шийдэж чадах байлаа хэмээн Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд өгүүлжээ.
Зукманы тоолсноор тэр мөнгөнүүдийн $6000 тэрбум гаруй нь татварт хамрагдаагүй ба ойролцоогоор 30 хувь нь Швейцарид хадгалагдаж байна. “Татварын төгөл” гэгдэх Швейцарийг Сингапур, Гонконг, Люксембург, Багамын арлууд, Кайманы арлууд, мөн Ла-маншийн хоолой дахь Жерси арал гүйцэхгүй. Гэхдээ Сингапур, Гонконгт бүртгэлтэй хадгаламжуудын ихэнхийг Швейцарийн банкууд хянадаг ажээ. Хэрэв тэднийг татварт хамруулсан бол олон улс орны ашиг орлого жилдээ 200 тэрбумаар нэмэгдэн төсвийн цоорхойг нь таглах байсан гэж эдийн засагч үзэж байна.
Өөрийн судалгаандаа Габриэль Зукман нийтэд тодорхой байгаа төв банкуудын мэдээг авч үзжээ. Мөн тэрээр зөвхөн үнэт цаасны тооцоог гаргаснаас биш бэлэн мөнгө, дарвуулт завь, шилтгээн, урлагийн бүтээл зэрэг бусад үнэт эдлэлийг тооцоогүй гэлээ. Хэрэв тэр бүгдийг тооцвол мэдүүлэгт хамрагдаагүй мөнгөний хэмжээ нь дэлхийн бүх хувийн хөрөнгийн 11 хувьтай тэнцэх гэнэ.
Энэ судалгааг шүүмжлэгчид үзэхдээ оффшор дахь хөрөнгийн 80 хувийг татварт хамаарагдсан эсэхийг тогтоох боломжгүй гэж байна. Мөн үүн дээр томоохон оффшор Швейцарид байдал өөрчлөгдөж байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР