Урамшууллаасаа татгалзая

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Урамшууллаасаа татгалзая

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улирал тутамд авдаг 5 сая төгрөгийн урамшууллаасаа татгалзлаа-

Төсвийн үргүй зардлыг бууруулж, хэрэгтэй зүйлд зарцуулах даалгаврыг УИХ-аас Засгийн газарт чиглэл болгосноос хойшхи хамгийн сайн мэдээ, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзсан явдал боллоо. Зөвхөн нэг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид урамшууллаасаа татгалзахад 410 сая төгрөг иргэдэд хэрэгтэй хөрөнгө оруулалтад зарцуулагдах болж байна. Өөрөөр хэлбэл, төсвийг хэмнэнэ, урсгал зардлыг бууруулна гэдэг сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсоож, ус, цахилгааны төлбөрийг нэмэхийг хэлдэггүй болохыг тэд ийн үйлдлээрээ нотлоод өгөх шиг.

Одоо харин бусад дүүргүүд санаа авч, ажил хэрэг болгочихвол мөн ч олон сургууль, цэцэрлэгийг сүндэрлэх байх шүү. Цаашлаад нийтийн эзэмшлийн орон сууцны дээврийн засварт шаардагдах хөрөнгө оруулалтаар суухгүй болно, хогны машиныхаа тоог ч нэмж болно. Ногоон байгууламжаа хашаатай, харанхуй гудамжаа гэрэлтэй болгох гээд маш олон ажлыг хийж болмоор санагдана. Зөвхөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн тоо 300 руу дөхөж байна. Тэр бүгд улирал тутамд 5 сая төгрөг авч ирсэн, зөвхөн нэг жилийнх нь урамшууллын нийт дүн нь тэрбум төгрөг давна. Ямар их хөрөнгийг зөвхөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшуулалд Монгол Улс хайр найргүй цацаж ирснийг эндээс харж болох болов уу. Тэгсэн хэрнээ “Мөнгө байхгүй тул, зээл авна” гэдэг. Зээл авч болно, гэхдээ энэ мэтээр хэмнэлт гаргаж, хэрэгтэй зүйлд зарцуулсныхаа дараа бонд гаргах асуудлаа шийдвэрлэх нь ирээдүйд илүү тустай ч байж мэднэ.

Нөгөөтэйгүүр, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид ч урамшууллаасаа татгалзчихвал баялаг бүтээгчдийн өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж олсон татвар жинхэнэ утгаараа хэмнэлт болж ард иргэддээ үлдэнэ.  Тэр тусмаа эдийн засаг хүндэрсэн үед төсвийн хөрөнгийг хэмнэх хамгийн зөв менежмэнт болохгүй гэж үү.

Монголын төр хэтэрхий үрэлгэн байгааг гадаадын эдийн засагчид шүүмжилсээр ирсэн нь энэ мэтээр татвар төлөгчдийн хөрөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулж, тоглож ирснийг хэлсэн хэрэг болов уу. Улаанбаатар хотыг оруулахгүйгээр тооцоход 20 аймгийн 320 гаруй сумын ИТХ-ын төлөөлөгч бүр 10-5 хүртэл сая төгрөгийн урамшууллыг улирал тутамд авч байна. Нэг сум дунджаар 10 гаруй ИТХ-ын төлөөлөгчтэй бол нийслэлийн дүүргээс хамгийн их хүн амтайд тооцогддог Баянзүрх дүүрэг 41 төлөөлөгчтэй. Харин аймгийн тухайд хүн ам олонтой аймгаас 41 хүртэл, цөөн хүн амтай аймгаас 17 хүртэл ИТХ-ын төлөөлөгч сонгогдон ажиллаж буй юм байна.

Ер нь тэгээд нам дагасан нөхдүүд “УИХ-ын гишүүн болсноос ИТХ-ын төлөөлөгч болсон нь илүү ашигтай” гэж ярьдаг нь дээрх урамшууллаас үүдэлтэй юм биш үү. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч улирал тутамд таван сая төгрөгийн урамшуулал авдаг. Жилээр нь тооцвол 20 сая төгрөг сул ороод ирдэг гэсэн үг. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь улирал тутамд 10 сая төгрөгийн урамшуулал хүртдэг. Жилээр нь тооцвол 40 сая төгрөг, дөрвөн жилийн хугацаанд 160 сая төгрөг авна. Ердөө дөрөвхөн жилийн дотор дөрвөн өрөө байрны үнэ хийчих боломжтой биш гэж үү.  Ийм болохоор л ИТХ-ын төлөөлөгчид гадаадад зугаалсан, үнэтэй машин худалдан авсан, өрөө тасалгаагаа мөнгөөр зодож засвар хийлгэсэн тухай шүүмжлэл өрнөдөг байж мэдэх л юм.

Гэхдээ боломж гарлаа, хуульд ИТХ нь урамшуулал авахаар заасан ч сайн дураараа татгалзаж дүүргийн иргэддээ хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтад зарцуулж болох санаачлагыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид гаргасныг бусад нь дэмжээд ажил хэрэг болгочих.

НИТХ-ын дарга Д.Баттулга таныг гар өргөн дэмжинэ гэдэгт итгэж байна шүү. Хотын дарга аа та ч бас “ташуурдаад” өг.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж