Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Валют наашлах дохио

Урин цаг цаашилж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчилж байна. Түүний айлчлал хоёр орны эдийн засгийн хамтын  ажиллагааг шинэ шатанд гаргахын сацуу хөрөнгө оруулалт татах шинэ хүлээлт үүсгэв. Үүнээс гадна ирэх сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр зэхэн байгаа нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад томоохон хөшүүрэг болж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Хятадын даргын айлчлал томоохон хөрөнгө оруулалтыг наашлах “дохио”-г өгч магадгүй нь.

Эдгээр томоохон гадаад, дотоод айлчлалын үр дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээл авах боломж бүрдэхийн сацуу төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлөн, эдийн засгийг эрчимжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн горьдлого олон нийтийн дунд байна. Тэгвэл гадаад секторын статистик ямар байгааг товч хүргэе. Эндээс та эдийн засгийн өнөөгийн зураглал болон маргаашийн төсөөллийг хийж болох юм.

Энэ оны эхний таван сарын статистикаас харахад гадаад худалдааны алдагдал 8.4 сая ам.долларт хүрч, тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 98%-иар буурч анх удаа гадаад худалдаа тэнцвэржсэн байна. Энэ нь экспорт 21%-иар өсч, импорт 10%-иар буурсантай холбоотой аж.

Төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 12.5%-аар буурч 646 ам.доллар болсон бол урсгал тэнцлийн алдагдал 580.5 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56%-иар буюу 728.2 сая ам.доллараар буурчээ. Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь Монголчуудын гадаадад гаргаж худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийн хассан цэвэр дүн буюу Монголчууд юуг бүтээж, валютын ямар орлого олов, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэл хасах утгатай байна гэдэг нь бид олж байгаа валютын орлого нь бидний гадагш нь төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцлийг бүрдүүлдэг гол суваг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг. Тэгвэл ГШХО 2013 онд 2400 сая ам.доллараар буурсан бол 2014 оны эхний таван сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 64%-иар буурч 393.6 сая ам.доллар болов. Экспортын орлого  321.4 сая ам.доллараар өссөн дүнтэй байгаа ч бодитоор орлого орж ирэхгүй өрөндөө төлөгдсөөр байгааг бид мэднэ. Энэ бүхнээс шалтгаалан “ноён ногооны ханш” тогтворжихгүй хэвээр байсаар байна.

Өнөөдөр хэн нэгнээс бурууг хайж, хоосон улстөржихөөс илүүтэйгээр мөнгөний дутагдал буюу гадаад валютын энэ хомсдолоос яаж гарах талаар итгэл, сэтгэл, зүтгэл нэгтэй ажиллах цаг ирээд байна. Зарим эрхмүүдийн ярьж байгаачлан валютын нөөцөөсөө доллар зарснаар ханш буурна гэж ойлгох нь ташаа юм. 2008-2009 оны хямралын үед нөөцөөсөө интервенци хийж ханшийг хэсэг хугацаанд тогтоон барисан ч эцэстээ валютын нөөцийхөө талыг алдсан гашуун туршлага бий. Нөгөө талаас мөнгөний бодлогыг хатууруулах замаар ханшийг хүчээр тогтоон барих оролдлого хийж болох ч суларч байгаа эдийн засгаа татаад унагачих эрсдэлтэй гэж үздэг. Энэ бүхнээс харахад эдийн засагт шинээр мөнгө орж ирэх урсгалаа нэмэгдүүлэх нь “гарц” болоод байна.

М.САРУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж