Өчигдөр тэмцээний анхны медальтнууд эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу болон эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд тодорсон. Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд манай гурван тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ц.Мөнхзул 383 оноогоор 13 дугаарт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 381 оноогоор 20, Т.Баярцэцэг 375 оноогоор 55 дугаар байрт тус тус бичигджээ. Энэ дасгалд 2004 оны Афины олимпийн аварга, Украйны тамирчин Олена Костевич урьдчилсан буудлагад 389, шигшээ буудлагад 100.4 оноо авснаар нийт 489.4 оноогоор алтан медалийн эзэн болжээ. Гэхдээ түүний хувьд Сиднейн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс олимпийн эрхээ хэдийнэ авчихсан байсан юм. Харин удаахь байрт Энэтхэгийн Анну Раж Сингх, Францын Селин Гобервилл нар шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд Б.Бишрэл 35, Н.Баяраа 48 дугаарт тус тус жагслаа. Энэ дасгалд Францын мэргэн бууч Пьер Эдмон Фьясеки 700.8 оноогоор тэргүүлж, Италийн Никколо Камприани /700.8/, Хятадын Жу Чинань /700.4/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Мөн өчигдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны /гурван байрлалаас/ төрөлд хасагдах шатны буудлага болсноос ОУХМ Ч.Нарантуяа өнөөдөр болох шийдвэрлэх буудлагад өрсөлдөх эрхээ авчээ. Түүнчлэн өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд аваргууд тодорно. Энэ дасгалд Монголын баг тамирчдаас В.Ганцоож, Э.Даваахүү нар онч мэргэнээ сорих юм. Тэмцээн Монголын цагаар 21.00 цагаас эхэлнэ.