Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны тавдугаар сарын 28-ны 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам баталсан. Энэ журмаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр төлсөн, дараалсан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулна. Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Нийгмийн даатгалын ерөнхий газар урамшууллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг урьж байна. Хамтран ажиллах хүсэлтэй хувийн болон төрийн өмчит байгууллагууд ирэх сарын 1-ний дотор холбогдох материалаа бүрдүүлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газарт ирүүлэх юм байна.
Орон нутгаас оролцохоор бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ материалаа өгөх аж. НДЕГ урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80.000 төгрөгөөр тооцон, энэ онд болзол хангасан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.
О.САРАН