Өнөө өглөө нийслэлийнхний нүдэнд банкуудын үүдэнд Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө авахаар зах замбараагүй шаваарсан хүмүүс хамгийн түрүүнд тусав. Уг мөнгийг тараах эрх авсан ХААН, Хадгаламж, Капитал гэсэн гурван банкны Засгийн газартай байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа тул ХААН банк хувь хишиг олгох ажлаа түр зогсоосноос дээрх байдал үүсчээ. Учрын лавласан сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Ч.Ганхуяг “Өнөөдрөөс эхлээд бүх банкууд 21 мянган төгрөг олгох ажлыг хэвийн үргэлжлүүлнэ” гэсэн хариулт өгсөн байна. Ямар боловч ХААН банк иргэдэд халамжийн мөнгө тараах үйлчилгээгээ ирэх долдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон тул удахгүй хөл хөдөлгөөн татрах бололтой.
Мөн өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдав. МАН-ын бүлэг хурлаараа Цол, одон медалийн дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл хэлэлцжээ. УИХ-аас баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд Эхийн алдар I одонг зургаа, II одонг дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгохоор заасан юм. Гэхдээ төрүүлж өсгөсөн хүүхдүүд нь одон авах тухайн үед бүгд эсэн мэнд байхаар заасан нь хүүхэд нь эндсэн эхчүүдээс гомдлын үг дуулахад хүргэсэн. Тиймээс энэ удаа тогтоолын төсөлд хүүхдийг гурав ба түүнээс дээш насанд нь үрчилж авсан, төрүүлж өсгөсөн ч гурваас дээш насанд эндсэн, сураггүй алга болсон эхэд Эхийн алдар одон өгөх ёстой гэж оруулжээ. Эх үрсийн баяраар болзол хангасан ээжүүд одон авах учраас түүнээс өмнө асуудлыг шийдвэрлэх ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Мөн хурлаар Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүд хэлэлцээд буцаах санал гаргажээ. Төсөлд говийн болон алслагдсан бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох, тухайн бүс нутагт амьдарч байгаа төрийн албан хаагч НӨАТ-аас чөлөөлсөн будаа, бензин, шатахуун хэрэглэнэ хэмээн заагаад байгаа юм. Ардчилсан намын бүлгийн гишүүд иргэдээ төрийн албан хаагч, хувийн хэвшлийн гэдгээр ялгаварлах нь өрөөсгөл төдийгүй хууль батлагдвал араасаа хэл ам дагуулах тул төслийг санаачлагчдад нь буцаах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна. Хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх байсан ч уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөө гарсны дараа хэлэлцэхээр хойшлуулжээ.
Өнөөдөр нэгэн таатай мэдээ дуулдав. Монголд шатахуун, дизелийн түлшний хомсдол үүсээд буй. Иймд асуудлыг шийдвэрлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ОХУ-д ажиллаад ирсэн байна. Айлчлалын явцад ярилцаж тохирсны дүнд ОХУ-ын “Роснефть” компани 30 гаруй мянган тонн дизель түлшийг ойрын хугацаанд Монголд нийлүүлэхээр болжээ. “ТНК” компани 13 мянган тонн түлш нийлүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү нийт 40 гаруй мянган тонн түлшийг энэ сард багтаан авахаар болжээ. Албаны хүмүүсийн үзэж буйгаар ийм хэмжээний түлш Монгол Улсын газар тариалан, барилга бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх ажээ.
Д.ОЮУН