Г.Алтанхүүг өнөөдөр шүүнэ
Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн байж магадгүй гэх хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүг шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг хардалтын улмаас хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хэрцгийгээр зодсон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байсан. Шүүх эмнэлгийн шинжээчдийн талийгаачийн цогцсонд хийсэн хоёр удаагийн хийсэн задлан шинжилгээний дүгнэлт талийгаачийн ар гэрийнхэнд таалагдаагүй юм. Учир нь бүсгүйг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх дүгнэлтийг Шүүх эмнэлгээс гаргасан бөгөөд ар гэрийнхэн нь “тийм байх боломжгүй” гэдэг үүднээс хэвлэлийн хурал хийлгэж байсан. Тэгвэл энэ хэрэг чухамхүү юунаас болсон, Г.Алтанхүү гэгч бүсгүйн үхэлд ямар хамаатай вэ гэдгийг шүүх хурал өнөөдөр болно. Түүнд Эрүүгийн хуулийн 98.1, 91.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлээд байсан юм. Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүх Г.Алтанхүүгийн хэргийг хэлэлцэнэ.
Т.Билэгт, Ц.Батбаяр нар шүүгдэнэ
Албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилийн турш яригдсан энэ хэргийг энэ долоо хоногт шүүх тов нь гарсан байна. Тодруулбал, Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаж, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Хэргийг сөхвөл, Ц.Батбаяр нь нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнтэй хамт Өмч хувьчлалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маналжав хууль бус ажиллагаанд оролцсон нь АТГ-ын мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн, төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Мөн энэ хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Т.Билэгтийг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөн улсад багагүй хохирол учруулсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хуучин хэвлэх үйлдвэр буюу “Улаанбаатар сонин”-ы хувьчлал буруутай болохыгн АТГ-аас тогтоосон аж.
Ийнхүү олон нийтийн анхаарлыг татсан дуулиант хэргүүдийг шүүхээс хэрхэн шийдвэрлэх нь иргэдийн сонирхолыг багагүй татаж байгаа юм.
О.САРНАЙ