Фото: РИА Новости. Андрей Стенин
Украины нутаг дэвсгэрт осолдсон Малайзын онгоцтой холбоотой мэдээлэл олны анхаарлыг татсаар байна. Украины ерөнхийлөгч Петр Порошенко энэ ослын дараа “Пуужин хөөргөж байгааг хиймэл дагуулаас авсан гэрэл зураг, тэр зэвсгийг Оросоос оруулсныг гэрчлэх гэрэл зураг болон видео бичлэг, онгоцыг сөнөөх талаар ярилцаж байгаа цэргүүдийн бичлэг зэрэг баримт бидэнд байгаа” гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт “Malaysia Airlines” компанийн агаарын хөлгийг сөнөөсөн пуужинг хаанаас хөөргөснийг авсан хиймэл дагуулын гэрэл зураг Украинд бий гэдгийг тэрээр Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярихдаа хэлсэн байна.
Порошенко Донецкийн журамт цэргийнхнийг ослын мөрдөн байцаалтад саад учруулж байна гэж үзэж байгаа бөгөөд “Онгоцны нислэгийн бичлэгийн төхөөрөмжүүдийг өгөхгүй байгаа” гэж мэдэгджээ. “Ингэлээ гээд тэд нар яаж ч чадахгүй. Учир нь бидэнд пуужинг хөөргөсөн газрын хиймэл дагуулын зураг болон зенитийн төхөөрөмжийг Оросоос оруулж ирсэн гэрэл зураг, видео бичлэг, утасны ярианы бичлэг зэрэг хөдлөшгүй баримтууд байгаа” гэж Порошенко онцолсон байна.
Өмнө нь Донецк ард улсын журамт цэргийнхэн бодит мөрдөн байцаалт явуулахад саад хийлгэхгүйн тулд ослын газрыг бүслэн хааж, олон улсын шинжээчдийн аюулгүй байдлыг хангана хэмээн нэг бус удаа мэдэгдэж байлаа. Харин тэд Киевийн эрх баригчид болон мэргэжилтнүүдийг хэргийн газарт очиход саад болсон гэж украин үзэж байгаа юм.
Өнгөрсөн пүрэв гаригт “Malaysian Airlines” компанийн “Boeing 777” Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Зүүн Украинд осолдсон билээ. Онгоцонд 283 зорчигч, багийн 15 гишүүн зорчиж явсан бөгөөд зорчигчид бүгд амь үрэгдсэн юм.
2001 оны эмгэнэл дахин давтагдав уу?
Малайзийн онгоц сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Украины хүчнийхэн террорын эсрэг гэх цэргийн ажиллагааг (АТО) хоёрдугаар сарын төрийн эргэлтийг эсэргүүцэгч Донбассын оршин суугчдын эсрэг явуулж байгаа юм. Тодруулбал, энэ нь хэдхэн хоногийн өмнө онгоц осолдсон нутагт болж буй үйл явц бөгөөд уг ажиллагаанд нисэх хүчин, хүнд их буу, бөөнөөр галлах тийрэлт пуужингийн системийг өргөнөөр ашиглаж байгаа гэх мэдээлэл бий.
Шинжээчдийн үзэж буйгаар, Зөвлөлтийн үеэс өвлөгдөн үлдсэн цэргийн техникийг байлдааны ажиллагаанд өргөн хэрэглэж байгаа нь 2001 онд Хар тэнгис дээр Оросын зорчигч тээврийн агаарын хөлгийг сөнөөсөн эмгэнэлт үйл явдал давтагдсан байж магадгүй ажээ. Тэр үед, цэргийн хээрийн сургууль хийж байх үеэр Украины Агаараас хамгаалах хүчний С-200 пуужингийн цогцолбороос харвасан пуужин Тель-Авив-Новосибирск чиглэлд нислэг хийж байсан Оросын "ТУ-154" онгоцыг сөнөөн, 66 зорчигч, багийн 12 гишүүний амь насыг хөнөөсөн юм.
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын сайн дурын журамт цэргийнхэнд зорчигч тээврийн онгоцыг 10 мянган метрийн өндөрт сөнөөх чадвартай пуужин байхгүй гэж Малайзын онгоц сүйрсний дараа хүлээн зөвшөөрөгдөөгүй орны ерөнхий сайд Александр Бородай мэдэгдээд байгаа.
Малайзийн Боингийг Украины агаарын хилд орж ирсний дараа диспетчерүүд "Boeing" онгоцыг 500 метрээр доошлохыг шаардсан тухай компанийн сайтад өгүүлжээ. "Төлөвлөсний дагуу MH17 чиглэлийн онгоц 35 мянган футын (10668 м) өндөрт нисэх ёстой байсан. Онгоцыг Украины агаарын орон зайд орж ирүүт 33 мянган фут (10058 м) хүртэл доошлохыг багаас шаардсан" гэж компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ. Уг онгоц аюулгүй замаас хойш 500 км-ын зайд хазайн нисч, байлдаантай газрын дээгүүр ниссэн нь бас нэгэн сонирхол татах асуудал болж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний нислэгийг Украины диспетчерүүд залж байжээ.
Оросын Батлан хамгаалах яамнаас "Малайзийн онгоц Украины алсын тусгалын С-200 пуужингийн хоёр батарей, дунд тусгалын "Бук-М1" пуужинт цогцолборын гурван батарейн тусгалын бүсэд явсан" гэж мэдээлж байна. Харин “Оросын радиотехникийн төхөөрөмжүүд долдугаар сарын 17-ны турш Стыла (Онгоц унасан газраас баруун өмнө зүгт 100 км – ИТАР-ТАСС)" суурины районд байрладаг "Бук-М1" зенитийн пуужингийн цогцолборын 9с18 "Купол" гэдэг радиолокацийн станцын ажиллагааг бүртгэж байсан. "Бук-М1"цогцолборын техникийн онцлог нь нэг дивизионы батарейнуудын хооронд агаарын байн мэдээлийг дамжуулдагт байгаа бөгөөд Авдевка суурин орчимд байгаа эсвэл онгоц унасаас жараад км-ын зайтай Грузско-Зарянское сууурин дахь аль ч батарейгаас пуужинг хөөргөсөн байж болно" гэж Оросын Батлан хамгаалах яам тайлбарлаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР