Аваргууд аваргаа хамгаалж, акулууд араас нь нэхсэн триатлоны тэмцээн
Манай улсад хөгжөөд 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй триатлоны спортынхон Архангай аймгийн нутагт орших Өгийнуурт 2014 оны улсын аваргуудаа тодрууллаа. Мэргэжлийн, сонирхогчийн, өсвөрийн гэсэн ангилалд болсон уг тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгддэг. Гэвч өмнөхөө бодвол энэ жил харьцангуй цөөн тамирчин оролцсон ч өрсөлдөөн ихтэй байлаа. Уг тэмцээн Монголын триатлоны холбооны 10 жилийн ойн босгон дээр болж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн жил Өгийнуурт улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаас хойш тус нутгийн ард иргэд триатлоны УАШТ-ийг тэсэн ядан хүлээдэг болжээ. Яагаад гэвэл орон нутгийн иргэдэд нэгэн төрлийн шинэ спортыг таниулж өгсөн учраас тэр. Тамирчид задгай нуурт 1000 метр сэлж, улмаар 22 км замыг дугуйгаар туулан, эцэст нь 3000 метр гүйсний эцэст бариандаа орсон. Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг жинхэнэ утгаар нь шалгасан уг спортод үнэнчээр зүтгэж яваа залуусыг хараад өөрийн эрхгүй бахархав. Ингээд 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлагаа хүргэе.
Арван жил дараалан оролцож буй акулууд…
Одоогоос 10 жилийн өмнө триатлоны спорт Монголд дөнгөж хөгжих тэр үед ердөө гуравхан тамирчинтай байсан гэдэг. Гурван тамирчин оролцсон улсын аварга шалгаруулах тэмцээн гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Үнэхээр 10 жилийн өмнө дэд мастер Б.Зоригт, шинэхэн спортын мастер Ч.Гансүх, мөн М.Цэнгүүн нар улсын аваргадаа оролцов. Тэдний нас дөнгөж 30 хүрч байгаа ч энэ жилийн тэмцээний хамгийн ахмад нь байлаа. Улсын аваргад 10 жил тасралтгүй оролцсон “ахмад”-ууд залуучуудтай ан мана өрсөлдсөн. Ч.Гансүхийн хувьд Эрдэнэтийн “Хангарьд” спорт хороонд данстай бөгөөд улсын аваргаас мөнгөн медальтай гэртээ харьсан юм. Тэрээр мөнгөн медаль авсныхаа дараа ийн ярилаа. “Улсын аваргад оролцож медаль авсандаа баяртай байна. Залуучуудын хөл чанга ч би тэднээс юугаараа дутах вэ гэж бодсон. Эрдэнэтээс зорьж ирсний хэрэг бүтлээ. Сайхан байна” гэв. Түүний хувьд ирэх есдүгээр сард Солонгосын Инчеон хотод болох Азийн наадамд триатлоны төрлөөр эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн базааж байгаа юм. Тэгвэл Б.Зоригтын хувьд энэ жилийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 10 жилийн турш тасралтгүй улсын аваргад оролцсон тэрээр медалийнхаа цуглуулгыг хүрлээр арвижуулсан нь энэ. Өмнө нь улсын аваргаас хоёр алт, нэг мөнгө авсан тэрээр ийнхүү дөрвөн медальтай болж байна. Б.Зоригт уснаас М.Цэнгүүний хамт хамгийн сүүлд гарсан ч дугуйны уралдаанд залуучуудыг ээлж дараалан гүйцсэнээр хүрэл медаль хүртэх эрхтэй болсон юм. Үйл хөдлөл, үзүүлсэн амжилт, үнэнч сэтгэлээрээ үе тэнгийнхэн болон залуу тамирчдад жинхэнэ үлгэр дууриалал болж яваа тэрээр ирээдүйдээ олон шилдэг тамирчинтай болохыг туйлаас хүсдэг нэгэн. Харин М.Цэнгүүний хувьд энэ жилийн улсын аваргаас медаль хүртэж чадаагүй ч залуустайгаа эн тэнцүүхэн өрсөлдсөн. Триатлоны спортод олон үнэнч яваа тэрээр жил бүр улсын аваргадаа оролцож хийморио сэргээдэг уламжлалтай аж. Дээрх гурван тамирчны Н.Оргил ахмадын тоонд багтана. Нөгөө гурваа бодвол нас залуу. Гэхдээ улсын аваргад оролцсон бусад тамирчнаас ах. Тэрээр Б.Зоригтын хамт хүрэл медалийг хувааж эзэлсэн юм. Гараанаас гарахдаа л хүрэл медалиа хамтдаа авъя хэмээн ярилцсан гэж хошигнов.
Ах нарыг залгамжлах хошой аваргууд
Ноожийн Тэмүүлэн. Тэрээр өнгөрсөн жилийн улсын аваргад бусдаасаа хол тасархай түрүүлж анх удаа алтан медалийн эзэн болж байсан юм. Тэгвэл 10 дахь удаагийн улсын аваргад ч гэсэн улаан хөлтнийг урдаа гишгүүлсэнгүй. Гараанаас гарсан цагаасаа л бүхний манлайд явсаар хоёр дахь алтан медалиа энгэртээ зүүв. Ялалтдаа итгэл төгс байсан түүнийг олон хүн түрүүлэх болов уу хэмээн таамаглаж байсан нь талаар өнгөрсөнгүй. Спортын мастер Н.Тэмүүлэн есдүгээр сард эх орноо төлөөлөн Инчеоныг зорино. Олон орны шилдэг триатлончидтой ур чадвар, хурд хүчээрээ өрсөлдөхөөр бэлтгэлдээ ороод буй. Элит ангилалд хурд сорих түүний хувьд Азийн наадмын өмнөх хамгийн том сорилоо Өгийнуурт өгсөн нь энэ. Сорилоо ч амжилттай давлаа. Түүний гол өрсөлдөгч Э.Бямбадорж энэ удаагийн тэмцээнд тодорхой шалтгааны улмаас замаа дуусгаагүй. Хэрвээ тэмцээнээ үргэлжлүүлсэн бол өнгөрсөн жилийн алт, мөнгөн медальтнуудын хооронд сонирхолтой өрсөлдөөн гарах байсан нь дамжиггүй. Харин эмэгтэйчүүдээс 15-хан настай Т.Хүслэн хоёр дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлэв. Эмэгтэй хүнд дэндүү ахадсан уг спортыг сонгосондоо Т.Хүслэн огт харамсдаггүй гэсэн. Олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэр хүндийг гаргаж, алдаршуулах эрхэм зорилго өвөртөлсөн түүний өмнө бүх зүйл нээлттэй байна. Усанд сэлэлтээс триатлонруу орсон Э.Сүрэнням улсын аваргаас мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд өнгөрсөн жилийн тэмцээний дэд аварга Э.Бямбадоржийн төрсөн дүү юм. Дээрх хоёр эмэгтэй тамирчны хувьд эрчүүдээс дутахааргүй хурдтай байж, үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Есдүгээр сард эхлэх Азийн наадамд Н.Тэмүүлэн, Ч.Гансүх, Т.Хүслэн, Э.Сүрэнням нар триатлоны төрлөөр эх орноо төлөөлөн оролцох аж. Үүнээс гадна сонирхогч болон өсвөрийн ангилалд оролцсон тамирчид ч ирээдүйд эх орныхоо нэрийг гаргах шилдгүүд гэдгээ харуулж чадсан юм.
Б.МӨНХЗУЛ /Спортын шуудан/