Хөдөө орон нутгаар урин болохоор хонь малаа хяргаж, хэдэн ноосыг нь зулга татаад авчих юм. Гэтэл ноолуур гэж хөл алдан гүйх хүн олон ч ноосыг хог шиг үздэг болжээ. Хог болсон тэр ноосоо ноолууртай адил дэлхийд өрсөлдөх түүхий эд болгох боломж уг нь бий. Ноолуурын салбарт улсын төсвөөс 110 тэрбум төгрөгийг зарцуулан, үйлдвэрлэлийг дэмжиж, дэлхийн брэндийг бий болгох зорилт тавьсан. Үүний оронд нэгдсэн том ноолуурын үйлдвэртэй болоод, түүндээ хуримтлал бий болгон малчдаас тодорхой зохион байгуулалттайгаар ноос, ноолуурыг нь авбал яасан юм бэ. Харин энэ үед ноолуурыг булаацалдаад ноосыг адалж үлдээдэг. Уг нь ноосон эдлэлийн хэрэгцээ ноолуурынхаас дутахгүйг бүтээгдэхүүнийх нь эрэлт, хэрэгцээ харуулдаг. Тиймээс чанартай, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн хийж чадвал ноолууртай өрсөлдөхүйц түүхий эд болох нь мэдээж. Амьсгалаас бусдаар ашиг тусаа өгдөг хөөрхий тэр хонь та бид шиг сэтгэдэг бол атаархаж бас гомдож байгаа байх. Гэтэл ямаанд яаж тал засч, татварт өгсөн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь “авлигаддаг” билээ дээ. Эрх биш мал юм болохоор л энэ талаар зарга хийж чадахгүй байна. Уг нь уул уурхайн салбараас илүү хэдэн мал л Монголыг тэжээж байсан нь саяхан. Цагийн эрхээр адлагдсан ч ноолуурынхаа хүчээр ямаа арай л моодноос гарчихаагүй байна. Тэрбээр өнөөдөр зөвхөн Монголд л ямбалж, ихэмсэглээд байгаагаас биш, дэлхийн хэмжээнд бол цөлжилтийн гол буруутан хэмээн адлагддаг. Монгол ноолуураар дэлхийг гоёж чадаж байгаа юм чинь монгол ноосоор яагаад гоёж болохгүй гэж. Нарийн яривал уул уурхайгаа ухаад баяжиж амжаагүй байтал улан дор ноос гэдэг нэгэн эрдэнэс хог болон хөглөрч буйг хараад өөрийн эрхгүй хонин сүргийг өмөөрмөөр санагдлаа. Малын тэгш эрхийн тухай ярих нь илүүц ч монгол хүн малаа өгөөжөөр нь ялгаварладаггүй л байлтай.
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
Улс төрийн тойм сонин