Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт Монголын улс төрийн түүхэнд анхдагч гэсэн тодотголтойгоор нэ­рээ үлдээх нь гарцаагүй. Тэрбээр Монгол Улс түүхэндээ анх удаа уул уурхайн бие даасан яам байгуулахад сайдаар томилогдсон. Стратегийн хамгийн том ордын нэг болох Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруу­лах хөрөнгө оруулалтын  гэрээнд гарын үсэг зурсан анхны сайд болов.  Ардын намын түүхэнд Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгчийн суудлаа өгчи­хөөд тойрог “хайж” явахад нь мөчөөрхөлцөж УИХ-ын гишүүн болсноороо анхны “зоригтон”. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газрын эвийн цавуугаар наасан мэт “бат” суурийг ганхуулан огцрох асуудал нь сөхөгдсөн анхны сайд. Тэр тусмаа парламентын түүхэнд брэнд болохуйц бат бэх хамгаалалттайгаа харуулж, огцруулах асуудал нь УИХ-аар хоёр дахиа хэлэлцэгдээд байхад тогтож үлдэв. Бас л анхных.  Нүүр нь улайхаар шийдвэр гаргасан парламентын нэрийг тахалж, спикер үг хэлэхдээ “Сайд нараас хамгийн их хатуужсан нь та болж байна. Гишүүд таныг хатуужуулж байна. Ажилдаа дүгнэлт хийж хатуужсан боловсон хүчин болно шүү” хэмээн аавын энтэй сургаал хайрлав. Д.Зоригт өвгөн ахыгаа, даргыгаа чуулганы дараа тэвэрч аваад үнссэн байлгүй. Тэгвэл бас л анхных болно.

                                                Эх сурвалж:

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж