Авиа компаниуд хохирол амсч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.21-нд нийтлэгдсэн

Авиа компаниуд хохирол амсч эхэллээ

© AP Photo/ Lai Seng Sin

 

Долдугаар сарын 17-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт “Malaysian Airlines” компанийн “Boeing 777” онгоц Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Украины нутаг дэвсгэрт осолдсон билээ. Онгоцонд явсан 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэнийг мэдэгдээд байгаа юм. Киев ослын буруутнаар сайн дурын цэргийнхнийг нэрлэж байгаа бол тэд эргүүлээд “Бидэнд өндөр тусгалтай пуужин байхгүй” хэмээн уг хэрэгт Киевийг буруутгаж байгаа билээ.

 

Украинд сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдалтай холбоотойгоор олон орны нислэгийн компаниуд тус бүс нутгийг дайрч өнгөрөхөөс татгалзах болсон Малайзын онгоцны сүүлийн осол энэ байдалд бүр ч илүү дүгнэлт хийхэд хүргэв.

 

Гэтэл аюулгүйн ажиллагаагаа хангах үүднээс Украины нутаг дэвсгэрийг голдуу хамрах тодорхой бүс нутгийг тойрч нислэг хийх нь нисэхийн компаниудад шатахуун, цаг хугацааны хувьд санхүүгийн хохирол учруулж байгаа талаар AP агентлаг онцолжээ.  

 

Украин, Сири, Афганистаны аюултай бүсийг тойрч ниссэнээс амсч байгаа илүү  зарлага, цаг хугацааны алдагдал зорчигчдод шууд нөлөөлж байгаа аж. Украины зарим нутгийн дээгүүр нисэх нь аюултай гэдгийг АНУ-ын Холбооны нисэхийн алба өнгөрсөн дөрөвдүгээр сараас сануулах болжээ. Түүнчлэн НҮБ-ын Иргэний агаарын тээврийн олон улсын байгууллага хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын Засгийн газарт хандан өөрсдийн нислэгийн компаниудад зохих сануулга хийхийг зөвлөсөн байсан юм.

 

Агаарын тээврийн салбарын зөвлөх Грег Рэйфийн  хэлснээр нисэхийн компаниуд цаашид аюултай гэж үзсэн бүх бүс нутгийг тойрч нисвэл зарим компани  алдагдалд орох магадлал өндөр байгаа ажээ.

 

Украины дээгүүр нислэг хийхээ зогсоох юм уу, цөөлнө гэдгийг Malaysia Airlines, Emirates, Delta Air Lines, Lufthansa компаниуд өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Австралийн Qantas Украиныг дайрах нислэгийг хэдэн сарын хугацаанд хийгээгүй бол Korean Air  нислэгийн замаа гуравдугаар сараас хойш өөрчилжээ. Украинаас гадна Сирийн нутаг дээгүүр зарим улс нисэхгүй байгаа бөгөөд зарим компаниуд Иракт хийх нислэгийнхээ тоог ч багасгажээ. Ихэнх улс орнууд одоо Иран, Йемен, Синайн хойг ба БНАСАУ-ыг аюултай бүсэд тооцож байна.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж