Өмнөд хэсгийн орнуудад Грек, Португали зэрэг багтаж байгаа. Эдгээр улс Олон улсын валютын сан, Европын холбооноос санхүүгийн тусламж авч, түүнийгээ эргүүлэн төлөхийн тулд төсвийн зардлаа танан татвараа нэмэх зэргээр мөнгөний бодлогын тэнцвэрээ хадгалахыг зорьж байгаа. Харин бүс нутгийн нөгөө талд Германы эдийн засаг өдөр ирэх бүр хүчирхэгжин тэлж байна. Японд болсон гамшгийн улмаас тус улсын экспорт буурахтай зэрэгцээд Германы гадаад худалдааны хэмжээ нэмэгдсэн зэрэг нь үүнд мөн л нөлөөлжээ. Ийм эрс тэс байдал дунд Европын төв банк бүс нутагтаа мөнгөний нэгдсэн бодлого явуулах нь маш хүндрэлтэй болж байгаа юм. Европын төв банкны хувьд нэг талаас Германы эдийн засгийг хэт халалтаас сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай. Гэвч энэ нь нөгөө хэсгийн орнуудад тун хүнд цохилт болох нь дамжиггүй.
Санхүүгийн хувьд хүндхэн байдалд ороод байгаа орнуудын нэг гэгдэх болсон Испанийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөх хандлага ажиглагдсан. Гэвч Грекээс дамжин халдварлаж байгаа хямралыг даван туулахад эдийн засгийн бусад үзүүлэлт нь хэтэрхий сул байгаа юм. Грекийн хувьд анх Засгийн газрын бондын хүү нь өсч, төсвийн алдагдал нь ихсэн хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхлэх үеэс Евро бүсийн орнууд, тэр дундаа өмнөд хэсгийн орнууд хүнд байдалд орсон билээ. Цаашлаад Грекийн Засгийн газрын бондыг худалдаж авсан банкууд алдагдал хүлээж магадгүй болсон нь бүс нутгийг бүхэлд нь хамарсан шинжтэй болжээ.
Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ оны эхний улиралд дунджаар 3.3 хувьтай гарсан байна. Эдийн засагчид энэ үзүүлэлт ойролцоогоор 2.5 хувьтай гарна гэж тооцож байсан юм. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.1 хувиар өссөнөөс хол давсан үзүүлэлт болжээ. Европын орнууд дунд эдийн засгийн хэмжээгээрээ тэргүүлдэг Германы хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь энэ оны нэгдүгээр улиралд 6.1 хувьтай гарсан байна. Хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан гэдэг утгаараа өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлтөөрөө Хятад, Энэтхэг тэргүүтэй өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын дараа Герман улс бичигдэх болжээ. Ер нь сүүлийн үед Германы эдийн засгийн өсөлт бусад орноос хараат биш болсныг шинжээчид онцолж байна.
Грек, Ирланд улс Европын холбоо, Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авсны дараа буюу өнгөрсөн сард Португали улс мөн л зээл хүссэн. Одоогийн байдлаар энэ гурван орон Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө зургаан хувьийг л бүрдүүлж байгаа юм. Гэтэл эдгээр орны хилийн чинад дахь өрийн хэмжээ нэмэгдсэн явдал хөрш зэргэлдээ орнуудад нь нөлөөлж, бүс нутгийн тал хэсгийг бүхэлд нь хамарсан шинжтэй хямрал нүүрлэхэд хүргэсэн билээ. Ямартай ч энэ бүхэн нь Евро бүс задрах вий гэх болгоомжлолыг өөрийн эрхгүй бий болгож байна.
Улс төрийн тойм сонин