Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын сүүлчээр ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон. Айлчлалыг өнгөрсөн онд хийхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор өдийг хүрсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр манай улс ОХУ-тай хэд, хэдэн чухал сэдвээр хэлэлцээр хийнэ. Тодруулбал, “Дорнод Уран” компани байгуулах болон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хэлэлцээр хийхээр төлөвлөж буй ажээ. Ямартай ч одоо эдгээрийг Монголын талд ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэсэн хүлээлт бий болчихоод байна Түүнчлэн айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, экспортын татварыг бууруулах чиглэлээр яриа, хэлэлцээр өрнүүлэх ажээ.
Манай тал ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монголын ачаа тээвэрлэлтэд тарифын урт хугацааны хөнгөлөлт үзүүлэх, “Улаанбаатар төмөр зам”-д бүтцийн шинэчлэлт хийх, дүрмийн санг нь 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх саналтай байгаагаа Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үеэр илэрхийлж байсан. ОХУ-ын Засгийн газраас “Энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ” гэсэн хариуг өгсөн. Тиймээс Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ асуудлыг нааштайгаар шийдэж магадгүй аж.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газрын дарга Б.Махбалаас дараах асуултад хариулт авлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ хэмээж байна. Салбарын яаманд энэ талаар төлөвлөсөн зүйл бий юү?
-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ямартай ч гэрээний төслийг боловсруулсан. Засгийн газраар хэлэлцүүлж, баталсан.
-Гэрээнд чухам ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа тухайгаа тодруулна уу?
-Энэ талаар одоо хэлэх боломжгүй. Учир нь ОХУ-ын талаас гарын үсэг зурах эсэх нь тодорхойгүй байна. Тэд одоогийн нөлөөллөө алдахгүйг эрмэлзэх нь дамжиггүй.
-Хэрвээ гэрээг шинэчлэх шийдвэрт хүрч чадвал Монголын төмөр замд ямар өөрчлөлт гарах бол?
-Монгол Улс бол тусгаар тогтносон улс. Төмөр замын салбар алийн болгон ингэж явах вэ. Хэрвээ ОХУ-ын талаас гэрээнд гарын үсэг зурчихвал үр дүн нь аяндаа мэдрэгдэх болно.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин