“Буянт-Ухаа” хорооллыг харах гэж барьсан юм уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.21-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа” хорооллыг харах гэж барьсан юм уу?

Үндэсний таван компани нэгдэн “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллыг есөн сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан ч иргэд өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадсангүй. Аргаа барахдаа иргэд азын сугалаагаа буцаав. Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүйгээс азын сугалаагаа буцаасан нь бас байна. Гэхдээ л урьдчилгаа төлбөрөө төлчихсөн иргэдийг хэдий болтол хүлээлгэх вэ гэдэг асуулт хариулт нэхсээр.

Эхлээд Засгийн газраас гаргасан журам нь амьдралд нийцэхгүй болох нь батлагдаж, өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Хэдийгээр сар гаруйн хугацааны дараа  журмыг өөрчилсөн ч зээл олгогдсонгүй. Иргэд арилжааны банкинд ирээд л “Найман хувийн хүүтэй зээл олгохгүй байгаа” гэх хариулт сонсон буцсаар… Харин Ерөнхий сайд, Төрийн орон сууцны корпорацийн захирал нар “Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдож байгаа” гэх өөдрөг хариулт өгсөөр… Ойр тойрныхон нь жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл аваад байсан уу, бүү мэд.

Гэтэл азтан нэртэй “азгүйчүүд” хөлийн тавхайгаа эргэтэл банк бүрээр эргэлдээд ч хэргээ бүтээж чадахгүй байна. Сүүлийн хоёр сарын турш хүлээсэн, цөхөрсөн иргэд хэнд, хаана хандахаа ч эцэстээ мэдэхгүй болж арга мухардав. Зарим эцэг, эх “Далан худалч” нэрийг хүүхдүүдээсээ сонсох нь тэр. Арга ч үгүй болов уу, эхлээд “Хүүхдийн баяраар байрандаа орчихно” гэж хэлээд, дараа нь “Наадмаар орчихно” гэж хоёронтаа хэлсэн болохоор өдөр алгасалгүй “Байр яасан бэ, орох болоогүй юу” гэж шалгаах гэрийнхэндээ тэд дахиад л “Есдүгээр сарын 1-нд шинэ байрнаасаа сургуульдаа очино” гэж хэлэх зүрх алга. Худал ярьж болохгүйг үр хүүхэддээ сургаж ирсэн ээж, аавууд хүүхдээсээ ийм нэр зүүх сайн хэрэг биш. Харин төр гуай шоугаа үргэлжлүүлсээр. Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 10-нд Төрийн орон сууцны корпорациас буцаагдсан 323 айлын орон сууцыг азтан шалгаруулах замаар эзэнтэй болгоно гэсэн ч бас л тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Сугалааг “Монгол бөхийн өргөөнд” зохион байгуулахаар тооцсон байсан ч тус төв энэ сарыг дуустал захиалга авах боломжгүйгээ мэдэгдсэн тул хойшлуулахаас аргагүйд хүрчээ. Үүгээр бол ТОСК-ийнхны хувьд ямар ч ажил зохион байгуулах чадваргүй нь харагдана. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 19-нд азтан шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна гэж зарлахаасаа өмнө "Монгол бөхийн өргөө"-нд хийж болох нь уу гэдгийг урьдчилан асууж, хариуг нь сонсох ёстой байтал тэгсэнгүй. Засгийн газрын гаргасан журмыг өөрчилж хоёр ажил болсон нь бас л тус газартай холбоотой. Ажлаа мэддэггүй улсуудын харгайгаар зарим нэг нь хашаа байшин ч үгүй, орон сууц ч үгүй болж хохирсон. Унаа тэрэгнээсээ салсан нь ч бас бий. Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэхийн тулд хямд үнээр машинаа зарчихсан, гэтэл байр нь бүтдэггүй. Энэ ч дүүрч гэхэд хашаа байшингаа зарж урьдчилгаа 30 хувиа босгоод халаасны өрөө түрээсэлж байгаа иргэд цөөнгүй бий. Тэд хэдий болтол түрээс төлөх вэ. Үнэхээр азтан гэж шалгаруулсан юм бол цаг алдалгүй асуудлыг банкуудтай шийдээд байранд нь оруулж болохгүй юу.

“Буянт-Ухаа-1” хороолыг харах гэж бариулсан юм уу, иргэдээ амьдруулах гэж бариулсан юм уу. Анхны орон сууц ашиглалтад ороод долоон сар боллоо, гэтэл барьсан хугацаа есөн сар байдаг. Төрийн үйлчилгээ шуурхай болсон гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдээд байсан хаа байна вэ, тэр шуурхай үйлчилгээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж