Улаанбаатарт өнөөдөр бороо орно

Хуучирсан мэдээ: 2014.07.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өнөөдөр бороо орно

Ус цаг уур, орчны хүрээлэнгийн мэдээлснээр 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрголын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 15-60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 10-15 см даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см давсан хэвээр байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж