НҮБ болон АНУ-ын холбоотнууд Ливийг бөмбөгдөн, АНУ-ын тусгай алба Осама Бин Ладеныг хороож, Пакистанд мөн заналхийлсээр дуулиант тавдугаар сар дундаа орлоо. Харин одоогоор Сири дэх байдал улам хурцадмал болж дайны байдалд шилжээд байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд цаг тутамд мэдээлж байна. Дэлхийг доргиосон нүргээнт үйл явдлын дэргэд Сирийн нөхцөл байдал дарагдах янзтай байсан боловч өдгөө юугаар ч хааж боохын аргагүй хурцдаж эхэллээ. Байдал яагаад хүндрэв, ер нь юунаас болж Сири анхаарлын төвд орж ирсэн талаар энэ мөчид эргэн санацгаая.
Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр. Сири улсын зарим хотуудад жирийн иргэд эрх баригчдынхаа эсрэг жагсаж эхэлсэн юм. Тэд Арабын бусад оронд халдварлаад байсан “Хувьсгалын томуу”-аар өвдөж эрх чөлөөт нийгэм, ардчиллыг хүссэн билээ. Жагсаал эхэндээ тайван замаар эхэлсэн. Гэвч удалгүй цус асгаруулсан хүч тэнцвэргүй тулаанд шилжив. Нэг талд нь гар хоосон ард түмний төлөөлөл, нөгөө талд нь цэрэг, зэвсэгтэй төрийн эрх мэдэлтнүүд энэхүү тулаанд орж байлаа. Зорилго нь ч бас хоёр өөр. Ард түмэн эрх чөлөөг, харин Ерөнхийлөгчийн талынхан эрх мэдлээ хэвээр хадгалахыг хичээж байсан юм. Мэдээж эрх баригчид нь тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн буугаад өгчихнө гэж юу байх вэ. Сирийн Ерөнхийлөгч Башар ал Асад болон түүнийг дэмжигчид жагсагчдын эсрэг цэрэг хөдөлгөх нь дээр гэж үзжээ. Төдөлгүй гуравдугаар сарын 15-нд Сирид хамгийн олон хүнийг хамарсан том хэмжээний бослого боллоо. Ингээд Сирийн Төрийн тэргүүн жагсаал хийж байсан 100 гаруй хүний амийг хороож ямар хэрцгий дарангуйлагч болохоо өөрийн ард түмэн байтугай дэлхий нийтэд харуулав. Тэр үеэр 3000 гаруй хүнийг цагдаагийнхан баривчилж, 800 гаруй нь амь үрэгдсэн юм. Үүнийгээ Сирийн эрх баригчид олон улсад эвтэйхэн тайлбарлахыг хичээлээ. Баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь өмнө нь шоронд хоригдож, ял эдэлж байсан этгээдүүдийн төрөл төрөгсөд болохыг нэгэнт тогтоосон. Тэд хууль бус замаар төрийн эрхийг булаан авахыг завдсан тул арга буюу хүч хэрэглэсэн гэж мэдээлж байв. Гэвч тэдний энэ мэдэгдэл үнэнд нийцэх эсэхийг “Ассошейтед пресс” агентлагийн сурвалжлах баг тодруулсан юм.
Тухайн үед сэтгүүлчдийг Сирид нэвтрүүлэхийг хориглож байсан хэдий ч цөөн сэтгүүлч Сирид очиж, ард иргэдтэй нь уулзан ярилцаж чадсан билээ. Сирийн иргэд “Ард түмний эрх ашигт нийцсэн эрх чөлөөтэй байхыг бид хүсч байна. Харин биднийг манай эрх баригчид хэтэрхий дарамтлан, доромжилж байна. Хамгийн гол нь гартаа мод барьсан жагсагчдыг галт зэвсгээр хөнөөж байгаа нь ард түмний дургүйцлийг ихэд хүргэлээ. Тиймээс бид үргэлжлүүлэн тэмцэж байна. Алагдсан хүн болгоны амь насаар тооцоо хийх болно” гэжээ. Энэ талаар Сирийн эрх баригчдын зүгээс “Ард түмэн Засгийнхаа эсрэг жагсаал хийж болно. Харин хууль бусаар төрийн эрхийг авах гэж оролдох хэрэггүй. Энэ тохиолдолд бүрэн эрхийнхээ дагуу төрийн зүгээс эсэргүүцэл үзүүлэх нь зүй ёсны асуудал” гэж хариу барив. Сирид ажилласан сэтгүүлчдийн мэдээлэл болон эрх баригчдын мэдэгдлүүд нь тэнд хүний эрх хэрхэн зөрчигдөж, эрх чөлөөнийхөө төлөө боссон иргэдийн амь нас хэрхэн хохирч байгаагийн нотолгоо юм. Гэтэл НҮБ энэ үйл явдалд огт ач холбогдол өгөхгүй хэвээр байна. Сэтгүүлчид НҮБ-д “Ливийн асуудлын дэлхий нийт мэдэж байгаа. Харин Сирид ч мөн хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байхад энхийг сахиулах талаар яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ” гэж асуулга тавьсан боловч хариу өгөөгүй билээ.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт үл мэдэгдэх мэргэн буудагч жагсагчдын толгойлогчдыг ээлж дараалан буудаж эхэлсэн нь шинэ дуулиан болов. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Дараа хотод жагсаал хийх гэж байсан хүмүүсээс нэгийг нь буудан хөнөөсөн тул жагсаалд оролцохоор ирж байсан хүмүүс тарсан байна. Өнөөх л мэргэн буудагч жагсаалын удирдагчийг ганцхан сумаар үгүй хийчихсэн нь тэр. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл мэдээллийн сайтуудаас “Syria sniper” хэмээн хайхад амархан олж болно. Үүний өмнөх долоо хоногт ч мөн адил хэрэг Аллепо хотод болсон юм. Энэмэтчилэн Сирийн Ерөнхийлөгч армийнхаа хүчийг энгийн иргэд рүүгээ ээлж дараалан илгээх болсон нь анхаарал татаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Сирийн Ерөнхийлөгч ард түмэндээ бууж өгөхийг уриалж байна” хэмээн өнгөрсөн сарын 8-нд хэлсэн боловч ямар ч үр дүн гарсангүй. Сири НҮБ-ыг сонсохыг хүсэхгүй байна. НҮБ ч Сирийг анхаарах сонирхолгүй байгаа нь тодорхой болсоор байгаа билээ. Энэ талаар сэтгүүлчид “Сири Ливийг бодвол газрын тос байхгүй учраас НҮБ анхааралдаа авахгүй байна” хэмээн өдөөн хатгаж үзсэн ч байдлыг өөрчилсөнгүй. Тэгэхээр ганцхан сарын дотор Сирид асуудал ингэж хурцдаж байхад ирэх сард юу болох болох нь төсөөлөхийн аргагүй. Цаашид энэ байдал үргэлжилсээр байх уу, төр засаг нь гар нүцгэн ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэсээр байвал яах вэ. НҮБ ингээд зөнд нь орхичихвол босогчид яах бол гэхчлэн олон асуулт хариу нэхэж байна. Мэдээллийн агентлагууд өдөр бүр Сирид үрэгдэж буй хүмүүсийн тоог бүртгэн дэлхий нийтэд цацаж, Ерөнхийлөгч Башар ал Асад ч мөн ард түмнээ хүчирхийлсээр зургадугаар сартай золгоход гайхах зүйлгүй болчихлоо. Ингэсээр нэг л мэдэхэд АНУ Пакистан руу цэргээ илгээж, түүний сүр дуулианд хөөрхий Сирийн ард түмэн зовсон хэвээр үлдэх вий дээ.
Улс төрийн тойм сонин