Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ныхон өнгөрсөн долоо хоногт ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, газрын дарга нар, Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл, Макро эдийн засгийн статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан болон аж үйлдвэр, мал аж ахуй, худалдаа хариуцсан шинжээчид оролцсон юм. ҮСХ-ны Шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, худалдааны салбарын статистик”, ХХААХҮЯ-ны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Бурмаа “ХХААХҮ-ийн салбарын статистикийн өнөөгийн байдал” сэдвээр танилцуулга хийв. Уг сэдвүүдийн хүрээнд уулзалтад оролцогчид санал бодлоо солилцсон юм. Хоёр талын ажлын уялдаа холбоог сайжруулах одоо мөрдөж байгаа статистик мэдээ боловсруулалт, ХХААХҮ-ийн салбарын өсөлт түүнийг дагасан олон чиглэл, бизнес санаачилгууд, удаан хугацаанд мөрдөж ирсэн статистик нэр томъёо, үг хэллэг, тоон мэдээллүүдийн бодит байдалд чиглэн ярилцлаа. Үндэсний статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зарим тоон мэдээллүүд зөрүүтэй гарах тохиолдол юунаас болдгийг нь тайлж, ний нуугүй хэлэлцэв.
Уулзалтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулгаас тодруулахад “Энэ удаагийн уулзалт маш үр дүнтэй боллоо. Манай салбар эдийн засгийн маш чухал том салбар. Манай салбарын зарим үйл ажиллагааны, мэдээ мэдээлэл, бүртгэл зөрүүтэй гарах үе байдагт бид дүгнэлт хийж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж зарим ойлголтын зөрүүг арилгахыг эн тэргүүнд тавьж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн тооллого дээр мөн хоёр тал хамтран ажиллана. Салбарын мэргэжлийн ангиллын үг хэллэг, нэр томъёонд ач холбогдол өгч манай газрын дарга нар саналаа өгөхөөр болсон. Үүнээс бодитой үр дүн гарна” гэсэн юм.
Эх сурвалж:
Улс төрийн тойм сонин
Улс төрийн тойм сонин