Хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй” гэдгийг дуулгасан. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохицуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхитэй ажиллах хэрэгтэйг давхар сануулсан бий.
Баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Аймаг сумын 90 жилийн ойнууд энд тэндгүй болж Монгол Улс эдийн засгийн хямралд өртсөн эсэхэд хүртэл эргэлзмээр. Доллар өсөөд л байдаг монголчуудын тансаглал нэмэгдээд байдаг. Гэхдээ зуны налгар өдрүүд өндөрлөж намрын халуунтай зэрэгцээд эдийн засаг, улс төрд түймэр асааж мэдэх төлөв ажиглагдаж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн даалгавар аваад ажилдаа орсон Засгийн газарт одоо цөөхөн хоног үлдэж байна. Өөрөөр хэлбэл, даалгавраа шалгуулах цаг ойртож, ажил хийх хугацааных нь ихэнх ард үлдсэн гэсэн үг. Мэдээж, 100 хоногт бүх юм орвонгоороо эргэж, эдийн засаг гэнэт илаарших юм биш гэдэг нь ойлгомжтой. Энэ өдрүүдэд эдийн засгаа хөгжүүлэх чухал хууль, тогтоолыг батлах бодлого боловсруулах, илүү тодорхойгоор хэлбэл хямралаас гарах гарцыг олох “эрэлд” Шинэчлэлийн Засгийн газар мордсон.
Нарийн өргөн царигийн асуудлаас болж нэг хэсэг хоёр талцан хэрэлдсэн монголчууд наадмын дараагаас амралт зугаалга гээд ажилдаа ирж байгаа хүн цөөхөн болжээ. Зуны сар зургаа биш болохоор намрын нөр их ажилтай нэг л мэдэхэд золгох нь лав. Зуны зугаатай өдрүүдэд нам гүмхэнээр дээшилж буй долларын хурд намрын нөр их ажлын цагаар хэд хүрэх бол гэсэн эмзэглэл иргэдийн дунд байгаа. Ялангуяа сүүлийн нэг жилийн дотор багагүй алдагдал хүлээсэн үндэсний үйлдвэрүүд долларын ханшийг тогтворжуулах арга хэмжээ авахгүйд бухимдалтай байгаа юм. Хичээлийн шинэ жилтэй давхцаад долларын ханш өсдөг бичигдээгүй хууль бий. Учир нь наймдугаар сарын сүүлчээс эхлээд долларын эрэлт эрс нэмэгддэг талтай. Харамсалтай нь, гадаад валютын орлого төсөөлж байснаас ч доогуур байгаа нь долларын ханшийг өсгөх гол шалтгаан болсон, эргээд эдийн засагт том дарамт учруулж буй. Угаасаа нийлүүлэлт нь багасч, орж ирэх мөнгөний урсгал нь татарсан өнөөдрийнх шиг үед битгий хэл хөрөнгө оруулалт сайн байх цагт хичээлийн шинэ жилээр долларын ханш өсчихдөг нь гэм биш.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт долларын ханшийг буруулахгүй ч тогтворжуулна гэдэг амлалт авсан Засгийн газар зүгээр суугаагүй ч гадаад валютын орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй хэвээрээ байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлцлийг сэргээхийн тулд багагүй арга хэмжээ авч буй ч тэдний үр дүнг лав л энэ жилд мэдрэхгүй гэдэг нь илт болов. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хойшлогдсоор байгаа, Тавантолгой таг зогссон гээд эдийн засагт орж ирэх их мөнгөний сураг ажиг бага. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилийн турш хүлээлт үүсгэсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг цуцалсан ч энэ жилдээ эдийн засагт “цус сэлбэх” хөшүүрэг болж чадахгүй байж магадгүй байна. Яагаад гэвэл эрэл хайгуулын ажил урин дулааны цагт явагддаг, Монголын цаг уурын нөхцөлөөс шалтгаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон. Тиймээс хямрал, ханшийн савалгаа, хөрөнгө оруулалт, төсвийн алдагдал зэргээс шалтгаалж ирэх сард ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болзошгүй байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар эцэслэж амжаагүй зарим хууль тогоомжийг ялангуяа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Төсвийн тодотголыг ээлжит бусаар хэлэлцэх болов уу гэсэн таамаглал ч бий.
“ЭЗЭН 100”-гийн хүрд эргэсээр байгаа. Доллар өссөөр байгаа. Инфляци эрчимжсээр л байгаа. Өнөөдрийн байдлаар доллар 1846 төгрөг, инфляци 15 хувьтай байна. Энэ бүхний эсрэг авах арга хэмжээ төсөв мөнгөний хатуу бодлого. УИХ-ын дарга наймдугаар сард төсвийн тодотголоо парламентад оруулж ирэхийг Засгийн газарт сануулсан. Тэгэхээр эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гол сэдэв нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бөгөөд Төсвийн тодотгол байх болов уу гэсэн хүлээлт байна.
Б.ХОНГОР