Онгоцыг сөнөөсөн байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Онгоцыг сөнөөсөн байж болзошгүй

Малайзийн  "Boeing-777»  онгоцны  сэг.  Фото: Зураб Жавахадзе / ИТАР-ТАСС

 

Долдугаар сарын 17-ны өдөр Оросын хилийн орчим Украины зүүн хэсэгт Малайзийн агаарын тээврийн Бойнг 777  зорчигч тээврийн онгоц осолдсоны дараа өрнөж буй үйл явдлыг гадаадын хэвлэлүүд ийн бичиж байна. Донецк мужийн Торез хотын ойролцоо онгоцны сэг, зорчигчдын цогцос олджээ. Украины хүчнийхэн уг онгоцыг “террористууд” зенитийн пуужингаар сөнөөсөн гэв. Харин сайн дурын журамт цэргийнхэн онгоц унахад өөрсдийгөө хамаагүй гэжээ.

 

05:42 (орон нутгийн цагаар)

 

АНУ-ын Иргэний агаарын тээврийн холбооны газар Америкийн нисэхийн компаниудын  онгоцуудыг Зүүн Украин дээгүүр нисэхийг хориглов.

05:09

Малайз онгоцны сүйрлийг мөрдөн шалгах мэргэжилтнүүдийн хэсгийг Украинд илгээв.

04:33

Журамт цэргийнхэн ажиглагчид ба олон улсын мөрдөн байцаагчдыг ослын газарт ажиллахад нь аюулгүйн баталгааг өгч байна. Мөн ослын газарт чөлөөтэй нэвтрүүлэх болсон тухай OSCE-Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага мэдээлэв.

04:26

Долдугаар сарын 17-ны Пүрэв гаригт унасан Малайзийн "Боинг-777» хөлөгт багийн 15 гишүүн, 283 зорчигч, тэдний тоонд гурван нялх хүүхэд явжээ. Өмнө нь 280 зорчигчийн талаар ярьж байлаа.

04:17

Украины ерөнхийлөгч Петр Порошенко Малайзийн агаарын хөлгийг “террористууд” сөнөөсөн гэж мэдэгдэв.

04:02

Өөрийгөө тунхагласан Донецк ард улс Малайзийн нисэхийн хөлгийн сүйрлийг  мөрдөх ажиллагааг зохицуулах  штабыг байгуулахаар болов.

03:59

Malaysia Airlines нисэхийн компани осолдсон хөлөгт багийн 15 гишүүн, 283 зорчигч, тэдний тоонд гурван нялх хүүхэд явсан гэх шинэчилсэн мэдээг гаргав.

02:57

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баасан гаригийн орой Украинд гарсан онгоцны ослын талаар  яаралтай хуралдана. Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун осолдсон онгоцны талаар олон улсын мөрдөх ажиллагааг явуулахыг уриалав.

02:24

Украины зүүн хэсэгт Малайзийн хөлөг онгоцыг сөнөөсөн байж болох “газар-агаар” ангиллын пуужингийн харвалтыг АНУ-ын тагнуулын алба бүртгэн авсан байна. Харин хаанаас хөөргөснийг нь тогтоож чадаагүй  гэнэ.

01:43

Донецк мужид Малайзийн “Боинг-777” сүйрсэнд  хамаатай байж болох боломжийг Оросын Батлан хамгаалах яам үгүйсгэлээ. Донецкийн районд Украины зенитийн пуужингийн цогцолборууд байсан гэж тэд мэдээлэв.

01:10

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Малайзийн “Боинг-777” онгоцны сүйрлийн хариуцлагыг Украин хүлээнэ гээд мөрдөн байцаалтыг нарийвчлан явуулахыг шаардсан байна.

23:47

Онгоц сүйрэхийн өмнөхөн түүнтэй зэрэгцэн Украины сөнөөгч онгоцууд гарч ирсэн тухай мэдээлэл цацагдлаа.

23:38

Орос Украины аврагч нарт өөрсдийн тусламжийг санал болгож байгаа тухай Онцгой байдлын яамны сайд Владимир Пучков мэдэгдэв.

23:37

Журамт цэргийнхэн Киевтэй эвлэрэхэд бэлэн гэлээ.

23:16

Онгоцны ослын улмаас Украины зүүн хязгаарын сөргөлдөөнийг зохицуулах өмнөөс төлөвлөлсөн зөвөлгөөн болсонгүй гэж “УРА-Информ” агентлаг мэдээлэв.

23:04

Журамт цэргийнхэн онгоцны “хар хайрцгийг” ослын газраас олсон гэв.

23:03

Евро хяналт Украины агаарын орон зайг хаалаа.

23:02

 “Боинг” ангиллын онгоцуудыг Агаараас хамгаалах системийн зенитийн пуужингийн  С-25, С-75, С-300 цогцолборын пуужингаар сөнөөж болох бөгөөд пуужин нь энэ онгоцнуудын нислэгийн өндрийн 10 км-т онгоцыг хөдөлгүүрийнх нь дулааны эх сурвалжаар олон онгоцыг сөнөөх чадвартай” гэж Украины Атлантын зөвлөлийн ерөнхийлөгч Вадим Гречанинов тайлбар хийв.

22:56

Амь үрэгдэгсдийн цогцосыг Донецкт авчирна гэж “Зүүн өмнөд фронтын”  мэдээллийн төвийн Константин Кнырик мэдэгдэв.

22:52

“Украины агаараас хамгаалах хүчин ямар нэгэн даалгавар аваагүй байсан, тийм өндөрт нисч буй байг сөнөөх техникийн боломж үгүй “ хэмээн Украины Дотоод хэргийн яамны  зөвлөх Юрий Луценко хэлэв.

22:51

Агаарын хөлгийн сэгүүд 10 км-ын зайд цацагдсан байгаа гэж “Сегодня” сайт мэдээлэв. “"Боинг" 10 мянган метрийн өндөрт олон улсын агаарын замаар  явж байсан. Хөлгийг Оросын холбооны агаарын хөдөлгөөний удирдлагын Ростовын төв Украины диспетчерүүдийн хамт залж байсан. “Боинг”  ямар нэгэн сануулга, SОS дохиогүйгээр гэнэтхэн алга болсон. Онгоц нь замаасаасаа Торезийн районд эгшин зуур унан доошилсон. Бид оросын мэргэжилтнүүдтэй санал солилцон бүгд л онгоцыг сөнөөсөн гэх дүгнэлт хийсэн. Ослын талаарх бүх мэдээллийн  бичлэгийг олон улсын шинжээчдэд дамжуулан өгнө” хэмээн “Украэрорухын” эх сурвалж хэлжээ.

22:45

Оросын хэвлэл мэдээлээр Украины цэргийнхэн Владимир Путины онгоцыг сөнөөхөөр оролдохдоо Малайзийн хөлгийг сөнөөсөн гэх хувилбар гарч ирэв.

“Онгоц хэд хэдэн пуужинг харвасан ба пуужингууд нь тэнгэрт дэлбэрсэн. Үүний дараа хүчтэй чимээ эсвэл дэлбэрэлт сонсогдсон” хэмээн РИА Новости  агентлагийн эх сурвалж ослын өмнө агаарт харагдсан байлдааны онгоцны тухай ярихдаа хэлжээ.

 

Амстердамын  Схипхол нисэх буудал,  2014.07.17. Фото: nrc.nl

 

22:26

Ослын мөрдөн байцаах ажиллагаанд Нидерланд оролцоно. Энэ талаар Нидерландын ерөнхий сайдтай утсаар Порошенко ярилцсаны дараа түүний хэвлэлийн албанаас мэдээлэв.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж