Регбигийн спортыг Монголд хөгжүүлэхийн төлөө найман жил тасралтгүй хөдөлмөрлөж ирсэн Монголын Регбигийн Холбоо болон тэдний үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Монголын Үндэсний Олимпийн Хороо, монголчуудын багийн спортоор Олимпийн наадамд амжилт гаргах магадлалыг баталгаажуулахын төлөө төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буйгийн нэг нь энэ тэмцээн юм.
Тэмцээний нээлтийн үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин тамирчдад хандан хэлсэн үгэндээ аливаа зүйлийн анхдагч байхын сайхныг хэлээд, анх жүдогийн спортыг хөл нүцгэн барилддаг бөх гэдгээр нь бид гайхан ярилцаж байсан ч энэ спортоор анхны Олимпийн аварга төрсөн, тийм учраас та бүхэнд амжилтын зам нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
15 багийн 150 гаруй өсвөрийн тамирчин ширүүн өрсөлдөөн, шударга шүүлийн дор бүтэн өдрийн турш өрсөлдөж, тэмцээний 3-р байрт 28-р сургууль, 2-р байрт 7-р сургууль, тэргүүн байрт 13-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарсан юм.
Эмэгтэй тамирчдын оролцоог хангасан энэ жилийн өсвөрийн регбигийн аварга шалгаруулах тэмцээнд гурван эмэгтэй баг оролцсоноос 7-р сургуулийн охид шилдгээр шалгарчээ. Монгол хүний биеийн онлогт тохирсон регбигийн спортоор хичээллэгсэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй нь энэ спортоор дэлхийн тавцанд үнэлэгдэхүйц чадварлаг тамирчид төрөн гарах үндэс суурийг бүрдүүлсээр байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын регбигийн шигшээ багийн тамирчид эх орондоо энэ спортыг хөгжүүлэх хангалттай туршлага, мэдлэгийг олон улсын тэмцээн уралдаануудаас цуглуулж, өсвөрийн тамирчдаа мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргаж буйг энд дурьдах нь зүйтэй болов уу.