Малайзийн агаарын тээврийн Боинг 777 онгоц зүүн Украины газар нутагт, Оросын хилийн ойролцоо сүйрлээ. Онгоц Голландын Амстердамаас Малайзийн Куала Лумпур хотын чиглэлд нисч байсан юм. ВВС агентлагийн мэдээгээр онгоцонд нисэх багийн бүрэлдэхүүн 15 хүн, 280 зорчигч нийт 295 хүн байжээ. Онгоц бүрэн сүйрсэн бөгөөд амьд хүн байгаа эсэх нь тун магадлал муутай байгаа аж. Одоогийн байдлаар онгоцонд 154 голланд, 27 австрали, 23 малай, 11 индонез, зургаан англи, дөрвөн герман, дөрвөн бельги, гурван филиппин, нэг канад иргэн байсан гэж мэдээлж байна.
Онгоц сүйрсэн газар нутаг бол Украины босогчдын мэдэлд байгаа хэсэг юм. Украины Ерөнхийлөгч Петер Порошенко онгоцны сүйрлийг “террорист үйлдэл” байсан болох тухай төв телевизээрээ мэдэгдээд байна.
Энэ осол нь он гарсаар Малайзийн агаарын тээврийн хоёр дахь онгоц сүйрсэн тохиолдол болж байна. Энэ оны гуравдугаар сарын 8-нд Кула Лумпураас Бээжингийн чиглэлд ниссэн онгоц сураггүй алга болж, хэд хэдэн орон оролцон өргөн цар хүрээтэй хайсан ч онгоцны хэлтэрхийг ч олоогүй билээ.
А.ТУЛГА