Он гарсаар аймгийн ЕБС-ийн үдийн цай хэрэгждэг ангиудын дунд “Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал эзэмшүүлэхэд багш нарын оролцоо” дөрвөн сарын уралдаант аяныг Норвегийн тусламжийн байгууллагын ЭМАШТУБ төслийн санаачлан ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, БСГ,ЭМГ хамтран зохион байгуулж дүнгээ гаргалаа. Тус аяныг эхлүүлснээр хүүхэд сурахын зэрэгцээ эрүүл аж төрөх, бие бялдрын гоо зүйг эзэмших явдалд илүүтэй боловсрох хэрэгцээг ойлгуулжээ. Амны хөндийн эрүүл мэнд аяны хүрээнд Тайваны шүдний эмч нарын нийгэмлэг, Монголын ЭМШУИС-ийн шүдний тэнхимтэй хамтран судалгаа, сургалтын үечилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллажээ. Мөн бүх сургуулиуд шүд угаах орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан, шүд угаах тусгай цаг гарган анги бүр шүдний үзлэгт хамрагдаж, эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ. Сурагчид, ажилчид, эцэг эхчүүдэд энэ талаарх мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгуулж, тэдний оролцоонд түшиглэсэн олон талт дэвшилттэй ажлуудыг санаачлан хийсэн байна.
Энэ удаагийн аянд аймгийн ЕБС-ийн бага ангийн 118 бүлэг хамрагдаж оролцсоноос 3 бүлэг, 15 бага ангийн менежерүүд байр эзлэн шагнагдаж, 12 жилийн I сургууль тэргүүлж YI сургууль удааллаа. Тус аян нь сургуулиудын хийсэн бүтээлч ажлуудыг сурталчлан танилцуулсан, харилцан биенээсээ суралцсан үр дүнтэй ажил болж өнгөрлөө.
Аяны үйл ажиллагааг дүгнэх арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж оролцож хэлэхдээ амны хөндийн эрүүл мэндийн талаар зохиож буй арга хэмжээ аймгийн төвд хангалттай түвшинд явагдаж байгааг дүгнэж хэлээд энэ удаагийн арга хэмжээнд Норвегийн төсөл хөтөлбөрийн байгууллага, манай сургуулийн эмч, удирдлагууд эрчимтэй сайн бэлтгэж оролцсоныг сайшааж цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар ЭМГ, БСГ-уудад чиглэл болголоо.