Эскпортын 47 хувийг зэсийн баяжмал бүрдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Эскпортын 47 хувийг зэсийн баяжмал бүрдүүлж байна

Монгол Улс оны эхний хагаст 2.8 их наяд төгрөг буюу хоёр тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортод гаргасан нь жилийн өмнөхөөс 2.2 дахин нэмэгдсэн дүн болжээ. ҮСХ-ны мэдээлснээр 2014 оны эхний хагаст нийт экспортын 83.1 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ. Харин эрдэс бүтээгдэхүүний экспортын 47.7 хувийг зэсийн баяжмал бүрдүүлснээр төсвийн орлогод чухал үүрэг гүйцэтгэдэг байсан нүүрсийг ардаа орхисон байна.Учир нь 2013 оны II хагасаас “Оюутолгой”-н бүтээгдэхүүн экспортод гарч эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн экпортоос орох орлого жилийн өмнөхөөс 2.4 дахин нэмэгдэж, 985.8 сая ам.долларт хүрчээ. Харин Уул уурхайн экспортын орлогын 26.2 хувийг нүүрс бүрдүүлсэн байгаа юм. Монгол Улсын хувьд оны эхний хагаст 2013 оныхтой ойролцоо түвшинд буюу 11.6 сая тонн нүүрс олборлож, 9.3 саяыг нь экспортод гаргасан байна. Ингэснээр экспортод гаргасан нүүрсний хэмжээ 25 хувиар нэмэгдсэн ч нүүрсний үнийн уналттай холбоотойгоор орлогын хэмжээ нь 17.4 хувиар буурч, 581 тэрбум төгрөг буюу 448 сая ам.доллар болжээ.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж