
Тус хөтөлбөрийг 2010-2012, 2013-2016 он гэсэн хоёр шатлалттай хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 75 мянган айлын, хөдөөд 25 мянган айлын орон сууц тус бүр барина. Мөн нийслэлийг аймагтай, аймгийг хилийн боомтуудтай холбох авто замыг барина. Нийт 5700 гаруй км авто зам барина гэж тооцоолсон. Нийтийн тээвэрт явж байгаа автобус, таксиг хийн түлшинд шилжүүлнэ. Гэр хорооллынхныг цахилгаан халаагуураар халаадаг болох гээд энэ бүхний зардалд нийт 18 их наяд төгрөг шаардаж байгаа юм. Энэхүү зардлыг стратегийн орд газруудынхаа тодорхой хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлд барьцаалах замаар бий болгоно. Мөн Улаанбаатар хотын өмчийг барьцаалах замаар эх үүсвэр гаргана гэж үзжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хөтөлбөрт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай” гэсэн асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар “Нийслэл хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ” гэдэгт тодорхой хариулт өгөхийг албаны хүмүүсээс хүсэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Улаанбаатар хот 600 орчим тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Түүнийгээ үнэлээд, бас барьцаалаад зээл авч байсан тохиолдол байхгүй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийнхаа хөрөнгийг барьцаалах замаар эх үүсвэр гаргана гэж төлөвлөсөн” гэсэн хариулт өглөө. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
Г.Дарь