Жил бүрийн улсын их баяр наадмын дараа тойргоо зорих нэрээр аймаг, сумын наадам “эргүүлддэг” УИХ-ын гишүүд хуучин уламжлалаа эвдэж чадсангүй, 90 жилийн ойн баяр руу зүтгэжээ.
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд оролцохоор өчигдөр Улаанбаатар хотоос мордсон бол арыг нь дааж үлдсэн гэх УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Архангай аймгийг зорьжээ. Ахиад нэг УИХ-ын дэд дарга байгаа болохоор түүнд ажлаа даатгасан бололтой. Өнөө жил Архангай аймгийн Чулуут, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Жаргалант зэрэг сумдын 90 жилийн ой тохиож байна. Тиймээс тус аймгийн гаралтай УИХ-ын гишүүн Б.Болор, Ц.Цолмон нар мөн нутгаа зорьжээ. Сайдуудын тухайд ажил ихтэй байгаа бололтой, сумын наадам руу явсангүй. Түүнээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар дээрх аймгийн гаралтай тул өнгөрсөн жил аймгийнхаа 90 жилийн ойд очоод бараг л намаржих нь холгүй шахам хугацааг үдсэн юмдаг.
Энэ жил Хөвсгөл аймгийн гурван сумын 90 жилийн ой тохиож буй тул УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн баярт оролцож байгаа аж. Түүнд сумынхан нэгэн сонирхолтой “сюрприз” барина. Учир юу вэ гэвэл Мангас дардаг толгойн тухай домгоос сэдэвлэсэн бяцхан үзүүлбэр үзүүлэх сураг дуулдсан.
Гурван жилийн өмнө болов уу, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тус суманд өвлийн морин уралдаан зохион байгуулахдаа Мангас дардаг толгойн орчимд хийсэн байдаг юм. Харин гишүүн тухайн газрын нэрийг сайн мэддэггүйгээс тэр үү, эсвэл өвлийн уралдаан зохион байгуулснаа нуух гэсэн үү, аль эсвэл газрын нэр хэтэрхий хошин санагдсан уу “Тосонцэнгэл суманд Мангас дардаг толгой гэж газар байдаггүй юм аа” гэж ярьсан байдаг юм. Харин сумынхан 90 жилийн ойгоороо түүхт газар бий гэдгийг мэдрүүлнэ.
Ховд аймгийн Алтай сумынхан маргааш 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүхт баярт оролцохоор УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Батцогт нар Ховд аймгийг зорьсон бол уугуул нутгийнх нь гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хараахан очиж чадахгүй аж. Гэхдээ маргаашнаас тойргоо зорих гэнэ. Ховд аймгийн хувьд Дарви сум мөн 90 жилийн ой тэмдэглэнэ, долдугаар сарын 25-26-нд баруун бүсийн хурдан морьдын уралдаан болно. Тиймээс ховдын гишүүд энэ сарыг дуустал нутагтаа байж мэдэх нь.
Тэгвэл долдугаар сар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “наадамлах сар” байна гэдгийг ил тод зарласан олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат долдугаар сарын 20-д гартал Баганууртаа байх аж. Харин дараа нь Сэлэнгэ аймгийг зорьж зарим сумдын ойд оролцоно гэх. Ирэх наймдугаар сараас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд намрын чуулгандаа бэлтгэж ажил ихтэй байх тул төдөлгүй буцан ирж, их ажилд бэлтгэх юм байна.
Харин Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар улсын наадам өндөрлөнгүүт тойргоо зорьжээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг Увс аймгийн Ховд сумын уугуул “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурь авсан. Нутгийнхан нь түрүү бөхөө хүлээж авах гээд сэтгэл догдолж, яаран хүлээж байгаа бол энэ аймгаас УИХ-д хэдэнтээ сонгогдсон гэх УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар мөн хамт морджээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийг, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Өвөрхангайг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт тус бүр наадамлаж байна.
Г.НАРАН