-Гагцхүү эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байхын зэрэгцээ харилцан ашигтай хамтран ажиллах мэргэн ухааныг монголчууд биднээс өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Мэргэн оюунтнууд тунгаана биз ээ-
Баяр наадмын дуулиан, хуушуурын амтанд нэгэн мэдээ дарагдаад өнгөрсөн нь Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гиүүн болж магагдгүй тухай мэдээ байлаа. Монгол Улсад хоёр долоо хоногийн өмнө айлчлаад мордсон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ тухай ШХАб-ын 13 жилийн ойн хүлээн авалт дээр мэдэгдсэнийг дэлхийн улс орнуудын мэдээллийн хэрэгслүүд өлгөн авч мэдээллээ. ШХАБ-ын 13 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 11-ний өдөр Бээжин хотноо болсон юм. Уг байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сард Тажикийн нийслэл Душанбе хотноо зохиогдохоор төлөвлөгдөөд байгаа.
Харин энэ асуудлаар Монголын талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Хачирхалтай нь ноён Ван И илгээлтийг нээн уншиж үзээгүй ч “тэгж магадгүй гэж таамагласан”-д байгаа юм. Тэрбээр "ШХАБ-ын ойд зориулсан Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг бид авлаа. Хэдийгээр уг илгээлттэй танилцаж амжаагүй ч түүн дотор сайн мэдээ байгаа гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр цааш нь “Арван жил өнгөрлөө. Монголыг энэ байгууллагын бүрэн эрхт гишүүнээр хүлээн авах асуудлыг бэлтгэх цаг болжээ” хэмээн Хятадын сайд хэлсэн байна.
2001 онд шаваа тавьсан энэ байгууллага 2004 оноос ажиглагч гишүүн элсүүлж эхлэхэд Монгол Улс анхны ажиглагч гишүүнээр элсэн ороод эдүгээ арван жилийн нүүрийг үзэж байна. Монголоос гадна Афганистан, Энэтхэг, Иран, Пакистан ажиглагчаар ажилладаг.
Энэ морин жил гарсаар Монгол Улсын хоёр хөрштэйгөө харьцах харилцаа эрс идэвхжиж байгаа. Энэ харилцааны дээд илрэл нь ирэх наймдугаар сард хойл хөрш ОХУ, өмнөд хөрш БНХАУ-ын төрийн тэргүүн нар Монгол Улсад айлчлах ховор завшаан тохиогоод байгаа. Үүнээс илүүтэйгээр хоёр хөршийн маань харилцаа энэ онд чухамхүү гэрлийн хурдаар өргөжин тэлж байна. Сочид, Давост, Шанхайд, сая Риод гээд хаана хаана л бол нэг нэгнийхээ мөрийг алгадан уулздаг боллоо. Украины хэрэг явдлаас үүдэлтэйгээр дэлхийн улс орнуудын харилцааны хүндийн төв өөрчлөгдөж байгаа тухай бид өмнө нь бичиж байсан. Асгат, Тавантолгой, шатахуун түгээх 100 станц гээд бидэнд гомдоод байсан ах нар маань наашаа харан инээх болсон нь ч үүнтэй холбоотой. Азийн бүс нутаг, тэр дундаа Хятад-Оросын харилцаа дэлхийн эдийн засгийн хөгжлийн дараагийн 10 жилийг тодорхойлох нь тодорхой болчлоо.
Ийм үед ур хөршийн маань Гадаад хэргийн сайд амнаасаа зүгээр ч нэг үг унагаагүй нь тодорхой. Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалыш хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ гурав дахь хөршийн бодлого баримтална хэмээн тусгасан. Гурав дахь хөрш чинь хэн бэ гэсэн асуултад яг тэр гэж бид хариулж байгаагүй ч АНУ, Япон, Европын холбоо бүгд бидний хувьд гурав дахь хөрш хэмээдэг. Бидэнд хоёр хөрш ч, гурав дахь хөрш ч хэрэгтэй. Гагцхүү эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байхын зэрэгцээ харилцан ашигтай хамтран ажиллах мэргэн ухааныг монголчууд биднээс өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Мэргэн оюунтнууд тунгаана биз ээ.
Д.НАРАНТУЯА