Риогоос цууриатах хөл бөмбөгийн уухай намжсан ч, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон германчуудын баярын уухай намжаагүй байна. Гомдолтойхон үлдсэн Лионел Мессигээр ахлуулсан Аргентиний баг дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээх л үлдлээ. Дараагийн буюу 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ Монголын хойд хөрш ОХУ-д зохиогдоно.
Оросууд 2018 оны бэлтгэлдээ аль хэдийнэ орсон. “КоммерсантЪ” сэтгүүлийн мэдээлснээр 2018 оны ДАШТ-ийг оросууд 12 цэнгэлдэхэд зохиохоор төлөвлөж байсан ч энэ тоо цөөрч магадгүй байгаа аж. Тухайлбал, Калининград, Волгоград, Екатеринбург хотууд жагсаалтаас хасагдаж магадгүй байгаа юм байна. Калининград, Екатеринбург хотын цэнгэлдэхийн барилгын санхүүжилт хүндрэлтэй байгаа бол Волгоград хотын цэнгэлдэх нь нийтийн тээвэр болон зочид буудлын хангалттай сүлжээ байхгүй гэдэг үндэслэлээх хасагдах магадлалтай болоод байгаа тухай FIFA-гийн ерөнхийлөгч Ийзеф Блаттер өнгөрсөн Даваа гаригт Рио хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа мэдээлсэн байна. Энэ мэдээллийг “КоммерсантЪ” сэтгүүл Засгийн газрын төлөөний хүнээс баталгажуулан мэдээллээ. Засгийн газрын эх сурвалж “Калининград хотын цэнгэлдэхийн ярвигтай, ажиллагаа шаардсан төсөл нь 15 тэрбум рублиэс илүү зардал шаардаж байгаа. Екатеринбургийн цэнгэлдэх нь түүхийн дурсгалт архитектурт тооцогдож байгаа учраас сэргээн засварлах шаардлагатай байгаа. Харин Долгоград хотын хувьд цэнгэлдэх нь төлөвлөсөн 15 тэрбум рублид багтаж байгаа ч Волгоград хот нийтийн тээвэр болон зочид буудлын хангалттай дэд бүтэцгүй байгаа нь асуудал болоод байна” хэмээн мэдээлжээ. Волгоград хотын нисэн буудал нь нэг онгоц хөөрөх зурвастай бөгөөд одоогоор өдөртөө 15 маршрутаар, гол төлөв хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах улсууд болон Турк, Египет, Тунис, Грек, Арабын нэгдсэн Эмират руу нисдэг аж.
Гэсэн ч эцсийн шийдийг ирэх есдүгээр сард хуралдах ОХУ-ын Олимпийн хороо болон FIFA-гийн төлөөлөгчдийн хамтарсан уулзалтаар гаргах юм. Анх төлөвлөсний дагуу 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдах учиртай. Үүнээс Нижный Новгород, Дон дахь Ростове, Калининград, Волгоград, Екатеринбург, Самар, Саранск хотуудад шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөсөн. Харин Москва хотод "Лужники", "Открытие-Арена" гэсэн хоёр цэнгэлдэхэд, мөн Санкт-Петербург хотын "Зенит-Арена", Сочи хотын "Фишт", Казань хотын "Казань-Арена" цэнгэлдэхүүд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах юм.
Шинээр баригдах долоон цэнгэлдэх хүрээлэнд зориулж холбооны төсвөөс 100 тэрбум /нэг цэнгэлдэхэд 13,5-14 тэрбум хэмээн тооцож/ рублийг гаргахаар шийдээд байгаа. Казань хотод баригдаад удаагүй байгаа “Казань-Арена” 15 тэрбум рублиэр боссон бөгөөд энэ үнийг жишиг болгон үзсэн байна. Нийт долоон цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий захиалагч нь ОХУ-ын Спортын яам ажиллаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард барилгын ажил явуулах компаниудыг яам сонгон шалгаруулсан аж. Гэсэн ч барилгын ажлыг гүйцэтгэгчид 15 тэрбумд багтаан барих боломжгүй гэсэн гомдлыг эхнээсээ тавиад байсан юм. Харин барилгын ажил гүйцэтгэгч компаниуд ажилгүй хоцорч магадгүйгээ өнгөрсөн Даваа гаригт Блаттерийн мэдэгдлийн дараа л мэдсэн байна.
Бэлтгэсэн А.ТУЛГА