Хөгжлийн банк 28.6 тэрбумыг замын ажил гаргана

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 28.6 тэрбумыг замын ажил гаргана

Улаанбаатар хотод 212 км авто зам шинээр барих, 350 км авто зам өргөтгөн шинэчлэхээр Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, шинэ суурьшлын бүс бий болгоход чиглэсэн энэ зорилтын дагуух бүтээн байгуулалтын зарим ажилд энэ оны төсөвт огт санхүүжилт төсөвлөөгүй. 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлд эрх шилжсэн, эх үүсвэр тодорхойгүй байсан нэр бүхий дөрвөн төсөлд шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Зам барилгын ажил нь эхэлсэн ч санхүүжилтгүйн улмаас саатаад байгаа дараах дөрвөн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт нь энэ аж. Үүнд, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, Шарга морьт, Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам барих, МТ-гийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөлийн ажил багтаж буй юм. Уг зээлийн 20 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрийн хамт 2015 оны улсын төсөвт, 8.6 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрийн хамт мөн оны нийслэлийн төсөвт тусган Хөгжлийн банкинд буцааж олгохоор шийдвэрлэжээ.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж