Олон хоногийн амралт өвчтөнүүдийг хүндрүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

Олон хоногийн амралт өвчтөнүүдийг хүндрүүлж байна гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд хандсан иргэн наадмын амралтын хоногийг багасгах хүсэлт тавьжээ. Олон хоногийн амралт нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл учруулж буйг тодотгосон байна. УИХ хаврын чуулганыг завсарлуулахын өмнөхөн Засгийн газраас санаачилсан үндэсний их баяр наадмаар тав хоног амрах хуулийг баталсан юм.  Тодруулбал, 11-11 төвд хандсан №1407168105 дугаарын зочин “ Улсын баяр наадмаар олон хоног амарч байгаагаас болж өвчтэй хүмүүс хохирч байна. Гэнэтийн өвчтэй зовлонтой хүмүүс шинжилгээ өгөх гэхэд ажилладаг газрууд алга байна. Дэлгүүр үйлчилгээний газар, албан байгууллагууд ийм олон хоногоор амрах үнэхээр хүндрэлтэй байгааг бодолцож, амралын хугацааг багасгаж өгнө үү” гэжээ.

Мөн иргэдийн амьдрал хүндэрч байгаад Ерөнхий сайдыг анхаарал хандуулахыг хүсчээ. Энэ тухай №1407160007 дугаарын зочин “Ерөнхий сайд танаа, иргэдийн амьдрал маш хүнд болж байна. Бид авч иддэг байсан цувдай, 2-р гурилаа авч чадахгүй боллоо. Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн "Заюу тайж" нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара. Би танд удаа дараалан албан тоот бичиж илгээж байсан” гэжээ.

Түүнчлэн дараах гомдол ирснийг багцалж байна, №1407163413 цементний үнэ яагаад өсснийг тодруулж, арга хэмжээ авч өгнө үү. Долдугаар сарын 5 -нд 85000 төгрөгийн үнэтэй байсан, гэтэл өнөөдөр 11000 төгрөгийн  үнэтэй болсон байна, яагаад.

№1407164934 БЗД 20-р хороо, Гачууртын эмнэлгийн эмч Амаржаргал хүмүүсийг ялгаварлан харьцаж, хэл үгээр их доромжилж байна. Хүмүүсийг өнгө мөнгөөр ялгаж харьцаж байгаад гомдолтой байна. Шалгаж өгнө үү?

№1407167073 Нийслэлийн авто замын газраас 3-р эмнэлгийн урд талын зогсоолийг эзэгнээд зогсоолын мөнгө гэж нэхэж байна. Энэ бол байж боломгүй асуудал. Болиулах хэрэгтэй байна. Замын татвар маш өндөр хэрнээ ингэж болдог юм уу. Түүгээр өвчтэй маш олон хүн гарч, орж байгаа шүү дээ.

№1407163765 Вокзалын хашаа руу ороход 500 төгрөг хурааж авч байна. Тасалбар өгөхгүй байгаа нь ямар учиртай вэ?

№1407165074 Буянт Ухаа хорооллын орон сууцанд банкууд зээл олгохгүй байна. Энэ ямар учиртай вэ?

№1407166086 Төрийн орон сууцны корпорациас иргэдэд мэдээлэхдээ " Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын улсын комиссын актыг 2014.07.04-ны өдөр арилжааны бүх банкуудад хүргүүлсэн болно. МИК нь арилжааны банкуудад 8 хувийн зээл олгох зөвшөөрлөө өгсөн гэсэн мэдээтэй байна. 83 айл наадмаас өмнө орон сууцандаа орж байна гэж  мэдээлсэн боловч огт худал байна.

№1407165624 СБД 15-р хороонд "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-тэй холбогдуулан айлуудыг нүүлгэсэн боловч ажлаа өнөөг хүртэл эхлээгүй байна. Яаралтай эхлэнэ үү?. БЗД Халдвартын эмнэлгийн хашаан дотор барилга барихаар газар ухаж байгаа бөгөөд ухаж буй газраас нь гарч байгаа усаа явган хүний зам руу шаланкаар соруулаад асгаж байна.

№1407160089 БЗД Иргэний бүртгэлийн хэлтсийн ажилтан Даваа гэх хүн хүнд сурталтай ажиллаж байна. Нялх хүүхэдтэй хүн ажил хөөцөлдөж яваад хүүхдээ хөхүүлээд буцаад иртэл "Удлаа" гэж уурсаж, урдуур  3-4 хүн оруулаад, сүүлдээ "цайны цагийн дараа ир" гэж байна. Төрийн өмнөөс нийтэд үйлчилэх ажил хийж байгаа атлаа хүнд суртал гаргаж байна.

№1407164868 Төв аймгийн Заамар суманд уул уурхай эрхэлдэг "Уус Заамар" ХХК айлын гэрийн хаяанаас 20м зайд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд, шөнийн цагаар ажиллаад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Асуудлыг шалгаж, яаралтай шийдэж өгнө үү? /50 өрхийн төлөөлөл/

/№1407167095 Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 2 сартай хүүхдэд вакцин хийлгэх гэтэл Улаанбаатар хотоос ирсэн учраас вакцин хийхгүй гээд байх юм гэжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж