ХУД-ийн 13 дугаар хороо, Эмээлтийн ойролцоо буюу Хүйтний хонхорхойд нутаглаж байгаа Төв аймгийн Баянцагаан сумын иргэн н.Нармандахын хоттой малаас боом өвчин илэрчээ. Тухайн голомтод 1100 бог, 75 адуу, 64 үхэр нийт 1239 толгой мал байгаа бөгөөд гурван км-ийн радиустай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж. Өвчний тархалт болон авч байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Намсрайжаваас тодрууллаа.
-Боом өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа газар яг хаана байдаг вэ?
-Энэ газар нь Эмээлт захаас урагш холгүй зайд байрладаг. Төв аймгийн Алтанбулаг сумаас нүүж ирсэн айлуудын малаас боом илэрч, одоогоор дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдэн, биеийн байдал нь тааруухан байна. Өвчний халдварыг тархаахгүй байхад холбогдох мэргэжлийн байгууллагууд анхааран ажиллаж байна.
-Энэ өвчнийг нийслэлд тархаахгүй байхад хэрхэн анхаарч, урьдчилан сэргийлж ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу арав хоногийн дотор нийслэл сүү сааль бэлтгэл, мал аж ахуй эрхэлж байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж эхэлсэн байгаа. Энэ дашрамд, бүрэн боловсруулаагүй мах, сүү зэргийг худалдаж авахдаа анхаарал болгоомжтой байхыг иргэдэд анхааруулъя.
-Тухайн айл нь Төв аймгаас нааш нүүж ирэх замдаа халдвар тархаасан байх эрсдэл бий юу?
-Төв аймгийн Алтанбулаг сумаас нүүж ирэх замдаа маш олон газар “бохирдуулсан” учраас аюул тарьж мэдэхээр болоод байна. Нүүж ирэх замд нь нилээн олон мал үхсэн, мөн үхсэн малыг тухайн газартаа булалгүйгээр үлдээж байсан гэсэн. Төв аймгийн болон Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагын ажилтнууд энэ байдлыг нарийвчлан шалгаж, голомтот газруудыг тогтоох юм.
Д.ЖАРГАЛ