Насанд хүрээгүй хүүхдүүдтэй нийлж, хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж буй Г.Сарангэрэл нарын таван хүний хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхэлсэн ч хурлыг долдугаар сарын 28 хүртэл хойшлууллаа.
“Шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, хурлыг долдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт гаргасан байгаа. Гэхдээ энэхүү хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон” гэж тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа мэдээллээ.
Г.Сарангэрэл нарыг долдугар сарын 7-нд болсон өмнөх шүүх хурлын үеэр цагдан хорьсон ба өнөөдөр тэднийг үргэлжүүлэн саатуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргалаа.
Д.ЖАРГАЛ