Авлига, тендерийн асуудал Увсынхныг “залгиж” байна

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Авлига, тендерийн асуудал Увсынхныг “залгиж” байна

Ардчилсан намаас орон даяар явуулж буй “Монгол хүн 2020 хэлэлцүүлэг” баруун гурван аймагт үргэлжилж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Увс аймагт зоион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бчигийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Я.Батсуурь, П.Алтангэрэл болон орон нутгийн намынхан оролцож, аймаг, орон нутгийн иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонссон юм.

Улаанбаатар хотоос 1360 км-ийн зайд оршдог энэ нутгийнхан байгаль цаг агаарын эрс ширүүн нөхцөлд амьдардаг. Хуучны уламжлал, ёс заншлаараа төрөө дээдлэх үзэл ихтэй. Нөгөөтэйгүүр ямар нэг байдлаар төрд өөрийнхөө амьдралыг даатгана гэдэг асуудал тэдэнд байхгүй. Өөрөө л өөрийнхөө амьдралын эзэн байж чаддаг хүмүүс. Тийм ч болохоор аж амьдрал, аймгийн өнгө төрхөөрөө бусад аймгийг бодвол хөгжлийн үнэр үнэртэж байна. Харин 20 жил нэг намын харъяалалд байсан болохоор төрийн захиргааныхан нь ах дүү, хамаатан садан, найз нөхдийн сүлжээ болж хувирчээ. Түүнчлэн бусад аймагт голчлон намын харьяаллаар иргэдийг ялгаварлан гадуурхах явдал нэмэгдэж, авлига цэцэглэж, мөнгөтэй хүнд л төрийн үйлчилгээ хүрч байгаа гэнэ. Энэ нь нутгийн иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд байгаа аж. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үеэр энэ байдлыг иргэд нэлээд шүүмжилж байлаа. Тухайлбал аймгийн удирдлага, зарим нэг УИХ-ын гишүүд орон нутаг дахь жижиг албан тушаалын томилгоонд ч оролцдог. Улаанбаатар дахь Төрийн албаны зөвлөлөөс аль нэг иргэнийг албан тушаалд нь томилох үүрэг өгчихөөд байхад аймгийн төрийн албаны салбар зөвлөл, агентлагын дарга нар өөрийнхөө үзэмжээр асуудалд ханддаг, авлига өгөөгүй бол ажилд оруулдаггүй гэдгийг иргэд ярьж байсан. 

Аймгийн зам, талбай, гэрэлтүүлэг нэлээд сайжирчээ. Гэтэл үүний зэрэгцээ тендерийг шударгаар авна гэж Увс аймагт байхгүй болсон нь аймгийн удирдлагуудтай холбоотой гэнэ. Тухайлбал төрийн албан хаагчдын 24 айлын орон сууцны таван давхар барилга барихаар тендер авсан компани нь давхрыг нь багасгаж, дөрвөн давхар болгож барьжээ. Анх тендерт бага үнийн санал хэлж шалгарчихаад сүүлд инфляци гэх мэт шалтгаар мөнгө нэмж авсан аж. Энэ мэтчилэн аймгийн МАН угшилтай дарга нар зөвхөн өөрсдийнхөө компанид тендер авчихаад, дараа нь мөнгө нэмж суулгадаг нь хэвшил болсон гэнэ. Үүний хөлд татвар төлөгчдийн мөнгө зөвхөн хэдэн даргыг тэжээх хөрөнгийн эх үүсвэр болж хувирч, аль нэг нам харгалзахгүй жирийн иргэд хохирч үлдэж байгаа гэж ярих хүн цөөнгүй байв.

Ийнхүү тендер, авлигалын асуудал олон байгааг иргэд мэддэг боловч алслагдмал бүс нутагт байдаг болоод ч тэр үү, яаж ч чаддаггүй гэнэ. Харин аймгийн удирдлагууд зам, талбайгаа засахаас өөр ажил хийхгүй байгаа нь өнгөн талдаа их юм хийж байгаа мэт харагдуулах гэсэн арга гэж иргэд бухимдаж байна. Үүнийг нь үнэний ортой гэж үзэх болох аж. Айлуудад хашааны хаалга өгч, хашаагаа будах будгийг үнэгүй тарааж байгаа хэрнээ өвөл бүр хөлддөг дулааны цахилгаан станцын асуудал бас янзандаа үлджээ.

Улаангомынхны хувь хамгийн их бухимдуулж байгаа асуудал нь дулааны цахилгаан станц нь хариуцлагагүй гарт байгаа явдал аж. “Эрүүл монгол хүн”, “Аюулгүй орчинтой монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал нь энэ юм. Учир нь байранд амьдардаг иргэд маш их өвчтэй болж байгаа гэнэ. Аймгийн удирдлагууд дулааны цахилгааны шинэ эх үүсвэр энэ оны төгсгөлд ашиглалтад оруулна гэсэн боловч таг чиг байгаа учраас байрны иргэд нэлээд бухимдалтай байна. Увсын ард түмний өмч “Хар тарвагатай” нүүрсний уурхайг н.Сурмаажав гэдэг нөхөрт өгчихсөн. Дээр нь дулааны станцаа шугамтай нь өгчихсөн. Уг нь хуулиар шугам нь улсын өмчид үлддэг боловч хувьчлалаар ийм хууль бус зүйл хийсэн. Гэтэл өнгөрсөн онд н.Сурмаажавын хариуцлага алдсан байдлыг өөгшүүлж Засгийн газраас хөрөнгө гаргаж өгсөнд иргэд дургүйцэж байна.

“Ажилтай орлоготой монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр юм хийх гэсэн хүмүүсээ дэмждэггүй, амаа ангайж суух биш, өөрсдөө ажиллах хүсэлтэй хүмүүс олон байдаг гэдгийг иргэд ярьж байлаа.

Энэ мэтчилэн алслагдмал бүс нутагт амьдардаг Увс нутгийнхан авлига, хүн суртал, дарга нарын албан тушаалаа ашигладаг байдлаас залхаж байгаа нь харагдсан юм. Харин хилийн бүс нутагт оршдог, байгалийн нөөц баялаг, иргэдийн идэвх санаачилга өндөртэй энэ аймгийнханд боломжийг нь олговол хөгжлийн боломж олон байна гэж Ардчилсан намын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж