Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, хүлэг нь хурдан байлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Бөх нь хүчтэй, сум нь мэргэн, хүлэг нь хурдан байлаа

Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө дэнж хотойлгон өргөн дэлгэр үргэлжиллээ. Энэ жилийн наадамд Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр тэргүүтэй 512 бөх зодоглосноос (дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, зургаан арслан, таван гарьд, 12 заан, 20 харцага, 53 начин цолтон, мөн аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, залуу 221 бөх/ зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын харцага Н.Батсуурь түрүүлж заан цол хүртлээ. Тэрээр есийн даваанд улсын начин С.Жаргалсайханыг давж, дээрх цолонд хүрсэн юм. Мөн тэрээр наймын даваанд улсын заан Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж харцага цол, есийн даваанд улсын начин С.Жаргалсайханыг давсанаар заан цолонд хүрэв.

Харин Завхан аймгийн харьяат улсын начин С.Жаргалсайхан төрийнхөө их баяр наадмын үзүүрт үлдэж гарьд цол хүртлээ. Тэрээр тавын даваанд өнгөрсөн жилийн наадмын түрүү, улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж, мөн долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг давж заан цолын болзол хангаж, наймын даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг давж харцага цол хүртэж наадамчин олноо баярлууллаа. Өнөө жилийн наадамд гал цогтой барилдааныг үзүүлнэ хэмээн үзэгч түмнийг хүлээлгэж, догдлуулж байсан дархан аварга А.Сүхбат гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаярыг амлан авч шуугиан тарьсан ч удалгүй тахимаа өгч, үзэгчдийн суудалд шилжсэн билээ.

Мөн энэ жилийн наадмаар таван начин төрлөө. Тодруулбал, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн асрлан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар улсын начин боллоо. Ховд аймгийн харьяат “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага боллоо.

 

Мөн энэ цагт наадамчин олны самсааг шархируулж, уухай хадаасан хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт дэнж хотойлгон өргөн дэлгэр боллоо.

Соёолон

Өнөөдөр өглөө 07.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн соёолон насны морьдын уралдаанд газар газрын  250 орчим хурдан хүлэг шандас сорьсоноос Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж. Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Т.Гантөмөрийн бор, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П.Цэгмидийн хул тус тус хурдалж, наадамчин олныг баясгалаа.

Азарга

Азарганы уралдаанд 223 шандаст  хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор түрүүлж торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан давхиж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баясгалаа. Айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Б.Оргилын оодон халтар хурдлан ирсэн юм.

Их нас

Хүй долоон худагт өчигдөр болсон их насны морьдын уралдаанд газар, газрын 320 гаруй шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын хул морь түрүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн суман хүрэн,  айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач н.Пүрэвбаатарын загал, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн хурдлан ирж, наадамчин олноо баясгалаа.

Үрээ

Хязаалан насны морьдын уралдаанд 318 шандаст хүлэг бүртгүүлсэн ч 307 хурдан үрээ мордсон юм. Барианд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзоригийн сартай хээр орж ирж, наадмын түрүүг авсан бол айргийн хоёрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Батбаянгийн хүрэн халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд, дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баянбатын зээрд
айргийн тавд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Эрдэнэбилэгийн хээр тус тус хурдалж торгон жолоо өргүүллээ.

Шүдлэн

Энэ жилийн наадамд 307 шүдлэн тоосоо өргөснөөс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Цэрэнбалтавын хул түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд 802 дугаартай хүү унасан бор саарал шүдлэн, айргийн гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны хул шүдлэн хурдалсан бол дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул Д.Сүхбаатарын хонгор халзан, айргийн тавд  Зэвсэгт хүчний 232 дугаар анги О.Батболдын бор тус тус хурдалж, үндэсний их баяр наадамдаа цолоо дуудуулаад байна.

Даага

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 280 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Говь-Алтай аймгийн шарга сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга даага түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр, гуравт Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хар бор, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Н.Бат-Эрдэнийн хул даага, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Бадраагийн хүрэн зээрд даага хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Онцлоход, энэ жилийн наадмын баян ходоод хүлэг нь хээр даага боллоо. Хээр даагыг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Д.Ганбат уяж хурдлуулсан юм байна. Ирэх жилийн түрүү магнай болоорой.

Монгол түмэн минь сайхан наадаарай, морь нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй байлаа.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж