“Соёлын наадам”-д зочлоорой

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

“Соёлын наадам”-д зочлоорой

Соёл, урлагийн их сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Эл наадам долдугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт болох юм. Наадмыг 2008 оноос хойш СУИС-ийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн 200 гаруй хүн хамтран, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болжээ.

2014 оны Соёлын наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Баяр наадмыг Зохион байгуулах хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлаг  хөгжүүлэх сан зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, ХААН Банк ивээн тэтгэн дэмжиж байна. Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Хүй долоон худаг дахь Соёлын наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголы нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөгөөр дамжуулан Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилах, нээлттэй оролцох боломжийг бий болгоно. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж