Монгол Улсын төр, улстөрчдөд өгөх зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

Монгол Улсын төр, улстөрчдөд өгөх зөвлөгөө

(Цуврал 4)

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны долдугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэхүү зарлигийн гуравдугаарт, “Монгол үндэстэн, угсаатнуудыг Монгол Улсад ирж хөдөлмөрлөх, сурах, амьдарч суурьших бололцоогоор хангах ажлыг үе шаттайгаар, сонголттойгоор гүйцэтгэх эрх зүй, хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээг тооцоо, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх” хэмээн заасан байгаа билээ. Энэхүү заалттай холбоотойгоор Монголд байгаа өвөр монголчуудын хэрхэн амьдарч, юу хүсч мөрөөдөж, юунд зовинож явдагыг сонирхлоо. Энэхүү сурвалжлага маань Монголд оршин суугаа өвөр монголчуудтай уулзан, тэдний ярьсан, хэлсэнийг буулгасан хэлбэрээр нийтлэгдэх бөгөөд нийтдээ дөрвөн цуврал байх юм.

Сарангэрэл: Хятадад сурч буй монгол сурагчийн тоо 8000-д дөхлөө гэж буй. Монголд жар гаруй хятад хэлний сургалттай сургууль хичээллэж 7500 сурагч сурч байгаа тухай мэдээ буй. Гурван сая монголчууд хятадад визгүй зорчиж буй.Энэ бол сэтгэл зүйн өрсөлдөөн.

Өвөр монголчуудын сэтгэлзүйг өөрчлөхүйц, сэтгэл зүйг байлдан дагуулах тодорхой алхмыг монголчууд хийх сонирхол байна уу? Хятадын Монголд явуулж буй бодлого, ялангуяа хөрөнгө оруулах сонирхол эрс муудахад хов жив их үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудыг муулах өвөр монголчуудын эгнээ маш хурдацтай тэлж байгаа юм. Үүнийг хар тамга дарж, хэдэн өвөр монголыг хөөснөөр шийдэж чадах уу?

Талаа: Өвөр монголчуудыг оюун санааны талаар байлдан дагуулахад хамгийн наад зах нь, монгол бичиг дээр сонин сэтгүүл, вэбсайт хөтлөх, монгол бичгээр хэвлэгдсэн ном сэтгүүлээ өвөр монголд импортлох, үгүй гэхэд номуудаа УИД-т тавибал жуулчлалаар ирэх өвөр монголчууд худалдаж авах юм.

Үндэсний хэмжээний томоохон музейн тайлбарыг заавал монгол бичгээр бичих, тасалбарыг нь монгол өвөр монгол хоёрт ижил үнээр зарах,  барааны тайлбар нэр сэлтийг монгол бичгээр бичих, телевизийн зар мэдээ, зарлалыг монгол бичгээр бичих зэрэг нэн тэргүүний ажил байна.

 Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хаяг реклам, тамга тэмдгээ монгол бичгээр хийхийг шаардах хэрэгтэй. Энэ бол өвөр монголчуудын сэтгэл зүйг өөрчлөх эхний алхам байж таараа. Сэтгэл зүй нь өөрчлөгдсөн өвөр монголчууд Хятадад Монголын тухай илүү зөв мэдээлэл өгч эхэлнээ.

Хорчинхүү: Ц.Нацагдоржийн шагнал, ”Болор цом”, “Залуу зохион бүтээгч”, “Монголын сайхан бичигтэн ” гээд олон сайхан уралдаан тэмцээнийг олон улсын болгох.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд, эсвэл УИХ-ын дэргэд Монгол бичгийн номын сан байгуулах.

Өнгөрсөн зууны гучаад онд хэлмэгдсэн өвөр монголчуудыг бүртгэж, намтар түүхийг нь ил болгох.

Цагаан сар, Улсын наадмаар Монгол төрийн тэргүүн бүх дэлхийн монголчуудад хандан мэндчилгээ дэвшүүлж байх, бүр өвөр монгол, халимаг, буриад гэж тодорхойлох.

Газар тариалангийн болоод мал аж ахуй эрхлэх сонирхолтой өвөр монголчуудад хандсан тодорхой алхам хийх.

 Жижиг аж ахуй, үйлдвэрт хэрэгтэй гар ажиллага шаардсан, өртөг багатай технологи нэвтрүүлэх боломжтой.

Дэлгэрсайхан: “Говь”, “АПУ”, “Дархан нэхий” зэрэг үндэсний үйлдвэрүүд Өвөр Монголын аймаг болгонд тусгай дэлгүүр ажиллуулахад нь тусалж төрийн зүгээс Хятадтай яриа хэлэлцээр хийх. Монгол брэнд гэж уг нь Монголд байдаг. “Эрдэнэт” хивс, АПУ-гийн шар айраг, Тэрэлж ус, “Говь”, “Гоёо”-гийн ноос ноолууран бүтээгдэхүүн, Аагнийн савхин эдлэл, “Бэст шүес”-ийн гутал, зөгийн бал, утсан загас, “Монос”-ын гоо сайхны бүтээгдэхүүн, Монсудар, Непкогийн номууд, gogo.mn, news.mn, 25tv, mnb, олон ангит кино, Харанга, Хар сарнай хамтлаг, уран зураг , утга зохиол, хөгжмөө Өвөр Монголд оруулах яриа хэлэлцээр эхлүүлэх хэрэгтэй.

Өвөр монголоос ирсэн оюутнуудад Монгол улсыг таниулах тусгай хичээл зааж байх, том үйлдвэр, бүтээн байгуулалттай биечлэн танилчцах боломж олгох. Монголыг танилцуулсан ном гаргах,

Монгол бичгээр байгаа архивийг кирилл монголд хөрвүүлэхэд өвөр монголчуудтай хамтрах, Монголын түүхтэй холбогдсон хятад сурвалжийг өвөр монголчуудын туслалцаатайгаар орчуулах.

Монголд зарж байгаа гадаадын брэнд Хятадад байгаа ижил төрлийн бараанаас бараг хорин хувь хямд байдаг. Монгол нь Хятадын хойд бүсэд хамгийн ойр дэлхийн брэнд худалдаалах цэг байх хэрэгтэй. Замын Үүдэд брэнд дэлгүүр ажиллуулах. Энэ чинээгээрээ мөнгөний урсгал нэмэгдэнэ гэсэн үг.

Сэнгээ: Рашаан сувилал, Монголд буй гадаад хөрөнгө оруулалттай эмнэлэгт ирж өвчин хуучаа үзүүлэх өвөр монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэх. Англи хэлний сургалт, хувийн сургуульд сурах, улмаар Монголоос гадаадын их дээд сургуульд суралцахад нь дөхөм үзүүлэх, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурсан өвөр монгол хүүхдийг монголд ажиллаж амьдрах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх.

Өвөр монголчууд, дэлхийн монгол угсаатны талаар, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг хувьд багтсан гадаадын монгол бичигтэй, монгол сэтгэлгээтэй хүмүүсийг онцгойлон авч үзэх

Монголд амьдарч буй өвөр монголчуудын саналыг нь сонсох. Хятадын хөрөнгө оруулалтын талаар тэд хятад иргэдээс, англи хэлтэй нөхдөөс илүү мэднэ.

Өвөр монголчуудад хөрөнгө оруулалтын цагаачийн виз өгөөч.

Отгоо: Нэр хүнд гэж бий. Статус гэж бий. Монголын залуу дарга, захирал нар өрөөнд ахмад хүн ороход босч мэндлэхгүй томордог атлаа хэдэн компьютер, ширээ сандал хандивлуулахын төлөө сум багийн статустай Өвөр Монголын хот аймагтай нөхөрсөг харилцаа тогтоохоо болих хэрэгтэй.

Хөх хотын соёлын өдрийн ажиллагаанд Э.Бат-Үүл дарга биш аль нэг дүүргийн Засаг дарга оролцоход хангалттай. Харин албан бусаар бол өвөр монгол малчныг ч хүлээж авч таараа.

МОНЦАМЭ-гийн эрхлэн гаргаж буй хятад хэл дээрх сонинд Хятадын Синхуа агентлагийн мэдээ тэр чигээрээ хэвлэгдэж байна. Энэ болох уу?

Чойжин ламын сүм, Хуримын ордон, Соёл амралтын хүрээлэнгийн хоосон зай талбайн өмчиллийн хэлбэрийг нь хувиргахгүйгээр өндөр хашааг нь буулгаж, зүлэгжүүлж, буга согоо нутагшуулж, гадаад дотоодын хүмүүсийн очих дуртай ажил хэргээ ярих боломжтой талбай болгож тохижуулаарай.

Оюунсанаа: Ирэх есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч маань “Дэлхийн монголчууд- монгол бичиг” сэдвээр сурагчдад хичээл заана уу гэж хүсэж байна.

Цуврал 3-г ЭНД дарж уншина уу.

Тэмдэглэсэн А.ЧАНДМАНЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж