Дэлгэсэн тэрлэг шиг Монголын маань дэлхийд ганцхан, дээлтэй наадам. Тиймээ, нар хур тэгширч, найраг эгшиг хосолсон наадам эхэллээ. Хүчит бөхчүүд нь зодгондоо чангарч, хүлэг морьд нь уяандаа чивчирч хонодог наадмын өглөөний нар хүртэл өөр. Уртын дууны шуранхай хадаж, уул тал гийнгоо цурайтсан, эрхий мэргэн харваачид, эр бяр нь тэгширсэн бөхчүүд, элгэмсэг монгол түмний миний дэлхийн бүтэн эргэж, дэнж ногоорыг хүлээсэн Монгол наадмын өдрүүд ирлээ.
Энэ жилийн хэний хүүгийн аз шовойж, бяр нь чангарч, хэний шандас аргамаг байгаа тухай түмэн яриа, буман таамаглал өрнөж байна.
Наадам болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн түүхтэй. Хаврын чуулганаар Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Монголын бөхийн түүхэнд дархан аваргын тоо хоёроор нэмэгдлээ. Улаанбаатар хотын маань 375 жилийн ой болж байна. Цэнхэр бөмбөрцөгийг байлдан дагуулж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга наадмын өдрүүдэд тодорно. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэ дурсамжаар хөглөгддөг.
Дэлгэр зуны өнтэй өдрүүдэд болж байгаа дэлхийд ганцхан Монгол наадамдаа сайхан баярлаарай. Энэ жилийн наадам монгол түмэнд эрч хүч, эе эвийг өгөөсэй. Хүлэг морьдын шандас аргамаг, харваач олны цэц мэргэн, хүчит бөхчүүдийн бяр тэгш байж шударга сайхан наадаасай.
Ингээд эх орны хилээ манаж яваа эр цэргүүддээ, иргэдээ хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлж яваа цагдаа нартаа, энхийн манаад баярлах завгүйгээр ажиллаж суугаа эмч нартаа, иргэдээ мэдээллээр хангах үүргээ баярын өдрүүдэд ч умартаагүй сэтгүүлчдэдээ, Монгол түмэндээ Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан баярлаарай, монгол түмэн минь.
Сумын наадам (Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж)
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу
Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү
Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам (Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн)
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Наадамчдын зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууны шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.
Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.
Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмын хөндийг дүүргэсэн сэн…
Тоссон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосны дундаас
Зургаан даага сугарсан сан…
Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианы газар
Бараа саахалтын хэртэй
Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…
Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсныг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв талын дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.
Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.
Хөлсий нь хусахын зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сум юм билээ.
Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
Дугуй хээтэй наадам (Урлагийн гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар)
Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай, наадам эхлэх
Наадмын их өрнөл,наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хийморь болдог сүрийг би наадам гэж бэлгэшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойросхийн алхжээ явах хүн хүнээс наадам сонсон холхижээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амсхийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдасхийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харинаа гэхээр
Сумын захиргааны орой дэрвэсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоо гуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурахыг яана
Шинийн хорины өглөөнөөс зунаа хүлээж тайтгарахад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа
Ж.НЯМСҮРЭН