Багийн тоглолт ”Их гурвал”-аас илүү

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Багийн тоглолт ”Их гурвал”-аас илүү

Эхний хагаст тааруу тоглолт үзүүлсэн улирлын MVP Деррик Роуз тоглолтын эхний хагасын завсарлагаанаар багийнхнаасаа уучлал хүсч, алдаагаа залруулна хэмээгээд эргэн талбайд гарч, гайхамшигтай багийн тоглолт үзүүлснээр багтаа ялалт авчирлаа. Энэ бол NBA-ын плей-оффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолтын дүр зураг.

Улирлын тоглолтын амжилтаараа NBA-г тэргүүлсэн учраас “Чикаго Буллз” “Их гурвал”-аар ахлуулсан “Майами Хит”-ийг талбайдаа хүлээн авч, тоглолоо. Улирлын тоглолтын харьцаа плей-оффт огт хамаагүй гэдгийг харуулж, хоёрдугаар шатанд “Бостон Селтикс”-ийг 4-1-ээр буулган авсан “Хит”-ийн залуус эхэн үед гайхалтай тоглолт үзүүлсэн. Тоглолтын эхнээс л багууд харилцан довтолж, багийн тоглолтыг сайн үзүүлж байсан бөгөөд эхний хагас 48:48 харьцаатай эн тэнцүү өндөрлөсөн юм. Харин сүүлийн хагас огт өөр зураглал дор явагдсан бөгөөд 1998 оноос хойшхи шилдэг амжилтаа үзүүлж буй “Булл”-ын давамгайлал дор өрнөлөө. “Буллз”-ын лидер Деррик Роуз 28 оноо, зургаан оновчтой дамжуулалт хийж, багийн нөхдөө тэргүүлжээ. Тэрбээр эхний үе гэхэд л гурван удаа бөмбөгөө алдсан ч түүнээс хойш гурван үеийн турш ганцхан удаа ийм алдаа гарган үүргээ ухамсарласан байна.

Гэхдээ “Буллз”-ын хожлын гол хүчин зүйл нь Роуз бус багийн бусад нөхөд байсан юм. Луол Денг 21 оноо, холын зайн дөрвөн оновчтой шидэлт, дөрвөн бөмбөг таслалт, долоон самбар гэсэн үзүүлэлт үзүүлснээс гадна Леброн Жеймсийг маш сайн хамгаалан тоглож, түүнд ердөө 15-хан оноо авах боломж олгожээ. “Хаан” Жеймс 15 шидэлтээсээ тавыг нь байндаа тусгасан юм.

“Бухнууд”-ын самбар дорх илүүрхэл “Хит”-ийн эсрэг амжилттай болсон Бузер 14 оноо, есөн самбар, Ноа 14 самбар, үүнээс найм нь довтолгооны самбар байсан. Улмаар тэд 45-33 гэсэн самбараас бөмбөг авалтаар илүүрхэж, мөн хоёр дахь боломжоос 31 оноо авсан нь өрсөлдөгч багийнхаасаа даруй 23 оноогоор илүү үзүүлэлт юм.

“Майами”-гаас хамгийн сайн тоглолтыг Бош үзүүлсэн. Тэрбээр 30 оноо, есөн самбараас бөмбөг авалт хийсэн бол Двейн Уейд 18 оноо авч, багийн бусад нөхөд нь үнэхээр тааруу байсан. “Бостон”-той хийсэн цувралуудад лидерүүддээ тус болж байсан тоглогчдоос Чалмерс есхөн оноогоор бусдыгаа тэргүүлсэн байна.

Тус хоёр багийн хувьд плей-оффт зургаа дахь удаагаа таарч байгаа бөгөөд тавд нь буюу 1992, 1996, 1997 оны эхний шат, 1997 оны бүсийн аваргын төлөө таарч тоглоход “Буллз” илүүрхэж байв. Харин “Хит” багийнхаа түүхэнд аварга авсан ганц жилдээ буюу 2006 оны эхний шатанд “Буллз”-ыг хожиж байсан түүхтэй.

Уг цувралын бүх тоглолтыг та бүхэн “Боловсрол суваг” ТВ-ээр хүлээн авч үзэх боломжтой. Хоёр дахь тулаан Монголын пүрэв гаригийн өглөө болно.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж