Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдэээгээр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай түр зуурын бороо орохоор байна. Энэ тухай мэдээллийг хүргэе. Тухайлбал, долдугаар сарын 11-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бороо дуу цахилгаантай байх аж. Мөн борооны өмнө салхи түр зуур ширүүсэх юм байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Долдугаар сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар өдөртөө хална.
Долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Орхон голын дунд хэсэг, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Туул гол Алтанбулаг сум, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хэнтэй нурууны арын Онон гол Дадал сум, Хурх гол Өмнөдэлгэр сум, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэжээ.
Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын мэдээний дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ сонирхоно уу.