Монгол түмний наадам эхэллээ. Дэлхийд ганцхан наадмаараа гоёж, үндэсний соёлоороо бахархах тэмдэглэлт өдрүүд эхэлж байна.
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр эхэллээ. Маргааш Төрийн их баяр наадам, үндэсний бөхийн барилдаан эхэлж, монголчууд сэтгэл тэнэгэр наадамдаа зочилно.
Түүх соёл, зан заншлаараа бахархдаг монгол хүн бүрийн сэтгэлийн чимэг болсон наадмын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон нэгэн нэвтрүүлэг МҮОНТВ-ээр үзэгчдийн хүртээл болох аж. “Мөнгөн дуулгат Монгол алтайн оргил” нэвтрүүлэг өнөөдөр /VII.10/ МҮОНТВ-ээр 21.05 цагаас цацагдах юм байна. Нэвтрүүлгийг МҮОНТВ-ийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт болсон Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн их ёслолын үеэр бэлтгэжээ.
Б.ЭНХ