Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж, өнөөдөр хязаалан насны морьдын уралдаан болох юм. Наадамд тоосоо өргөхөөр 320 орчим хязааланг уяачид нь бүртгүүлсэнээс гарааны зурхай руу хөдөлсөн гэх мэдээлэл ирлээ.
Онцлоход, өнгөрсөн жилийн наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Дамбын Хишигжаргалын шарга хязаалан манлайлан ирж байсан бол аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хонгор, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Зулзүсэмийн сартай хонгор, айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн цавьдар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр хязаалан тус тус хурдалж байсан билээ.
Г.ДАРЬ