Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахтай цаг үеийн ярилцлаа.
-2014 он гараад хагас жил өнгөрлөө. Хагас жилийн хугацаанд багагүй ажил амжуулсан байх. Дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч хариуцсан салбартаа хийсэн онцлох ажлынхаа талаар манай сонины уншигчидтай хуваалцахгүй юу?
-Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд 2014 оны эхний хагас жилийн хугацаанд нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянзүрх дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоор нийслэлийн хамгийн том дүүрэг. Нийт 28 хороотой, 304 мянган хүн амтай. Энэ утгаараа ачаалал, асуудал их. Хамгийн наад зах нь цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй. Тиймээс 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэх ажилд цэцэрлэг барих санал иргэдээс хамгийн их ирсэн. Иргэдээс ирүүлсэн саналын дагуу дүүрэгт хувиарлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөртөрийн өмчийн цэцэрлэггүй 4, 21, 28 гэсэн гурван хороонд 150 хүүхдийн, долдугаар хороонд 100-150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна. Эдгээр цэцэрлэгийн барилгын ажил ирэх наймдугаар сарын сүүлч гэхэд бүрэн дуусч, есдүгээр сарын нэгэнд хүүхдүүдээ авч эхлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
-2013 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн насны 20 орчим хүүхэд бүртгэгдсэнээс 12 мянга нь төрийн өмчит цэцэрлэгт хамрагдсан. Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдэх хүүхдийн тоо харьцангүй багасах болов уу?
-Өнгөрсөн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй үлдсэн хүүхдүүдээс энэ жил шинээр баригдаж, ашиглалтад орж байгаа дөрвөн цэцэрлэгт хамрагдах боломжтой. Шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүд 100-150 хүүхдийн ортой. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмж хомс байдлаас болж хүчин чадлаасаа илүү тоогоор хүүхэд авч хүмүүжүүлэх нь манай дүүргийн төрийн өмчит бүх л цэцэрлэгт байдаг үзэгдэл болоод байна. Тэгэхлээр шинээр баригдаж байгаа хүүхдийн цэцэрлэг заавал багтаамж, орны тоо гэхгүйгээр аль болох олон хүүхдийг хүлээн авах шаардлага л гарч байх шиг байна.
Манай дүүрэгт 2014 онд ашиглалтад оруулахаар дээрх дөрвөн цэцэрлэгээс гадна, улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19, 24 дүгээр хороонд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, 26 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль, 21 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой нэг, 200 хүүхдийн ортой нэг цэцэрлэг баригдаж байна. Мөн 27 дугаар хороонд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа.
-Өнгөрсөн хавар танай дүүрэгт байрладаг ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгад нуралт өгч, хаалгаа барьсан. Энэ сургуулийн барилга хэзээ баригдах бол?
-Хо Ши Миний нэрэмжит ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгыг ашиглаж болохгүй гэдэг Мэргэжлийн дүгнэлт гарсаны дагуу сургуулийн үндсэн барилга хичээллэх боломжгүй болсон. Тиймээс тус сургуулийн ахлах болон дунд ангийн хүүхдүүд манай дүүргийн 92, 44 дүгээр сургуульд хуваагдан хичээллэнэ. Харин бага ангийн хүүхдүүд тус сургуулийн ард байрладаг өргөтгөлд хичээллэнэ. Сургуулийн барилгын хувьд 2014 оны улсын төсөвт нураах зардал нь суусан байх ёстой ч өнөөдрийн хүртэл нураагаагүй байгаа болохоор магадгүй ирэх жил нураах байх хэмээн хүлээж байна.
-Баянзүрхийн ахмадууд сувиллын газарт хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байна гэдэг мэдээлэл уншиж байсан. Ингэхэд Баянзүрх дүүрэг хэчнээн ахмадтай юм бол. Ахмадууд сувилалд хэр их сувилуулж байгаа вэ?
-Баянзүрх дүүрэгт 24.790 ахмад амьдардаг. Эдгээр ахмадууддаа зориулан орон нутгийн өмчит, дүүргийн харьяаны “Шижир” амралт сувиллын газрыг ашиглалтад оруулсан. Энэ сувиллын газарт манай дүүргийн ахмадууд тодорхой хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулж байгаа. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д заасны дагуу дүүргийн Халамжийн хэлтэстэй хамтран ажиллаж байна. Сувилалд хамрагдах хүсэлтээ гаргасан ахмадуудыг бүгдийг нь хамруулж, амраахаар хичээж ажиллаж байна. Ахмадын сувилал нэг ээлжиндээ 60-100 ахмад хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар хоёрдахь ээлжийн ахмадууд амарч, сувилуулж байна.
-Дүүргийн хэмжээнд ажилгүйдэл хэр байдаг бол. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Бусад дүүрэгтэй харьцуулахад манай дүүргийн харьяат ажилгүй гэж бүртгэгдсэн иргэдийн тоо арай их байдаг. Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст албан ёсоор очиж бүртгүүлэн ажил хайж байгаа 5000 орчим иргэд байна. Үүнээс гадна, бүртгэлд хамрагдаагүй нэлээдгүй иргэд байдаг. Тиймээс Тамгын газраас энэ байдалд нэлээд анхаарлаа хандуулж, ажиллаж, иргэдээ аль болох ажлын байраар хангаж, орлоготой, ажилтай байлгах боломж нөхцлийг судалж ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Ажилтай орлоготой Монгол хүн” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, бүртгэгдсэн иргэдийг ажилд зуучилж, мэргэжилгүй иргэдийг мэргэжил олгох сертфикаттай сургалтад хамруулан мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгож, ажлын байранд зуучлах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тиймээс иргэд маань дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст ирж, бүртгэлд хамрагдан боломж нөхцлөөрөө ажлын байртай болох, ажилд зуучлуулах шаардлагатай гэдгийг энэ дашрамд хэлье.
-Заавал дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх ёстой юу?
-28 хороонд Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тиймээс заавал дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст очилгүйгээр харьяа хороондоо очиж хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэндээ бүртгүүлээд ажилд зуучлагдах, төсөлд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.
-Төсөлд хамрагдах хүсэлт гаргаж болно гэлээ. Ажилгүй, орлого тодорхойгүй иргэд төсөл бичиж хамрагдах боломжтой гэсэн үг үү?
-“Ажилтай орлоготой Монгол” хүн төсөлд манай дүүргийн 100 гаруй иргэн хамрагдан ажиллаж байна. Төсөлд хамрагдсан иргэд зээл авч, өрхийн бизнес эхлүүлэн ажиллаж байна. Өрхийн бизнесийг даган тодорхой хэмжээний орлого болон ажлын байр бий болж байна. Ажлын байр бий болсон болохоор өрхийн орлого нэмэгдэж байна. Дүүргийн зүгээс эдгээр иргэдтэйгээ байнга хамтран ажиллаж байна. Зээлд хамрагдлаа, өрхийн орлого нэмэгдлээ гээд тэдгээр иргэдээ орхихгүй. Учир нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахад багагүй бэрхшээл үүсдэг. Тиймээс эдгээр иргэддээ зориулан аль болох дундын дамжуулагчгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, хэрэглэгчдийн гарт шууд хүргэхэд нь туслах зорилгоор Жуковын талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд хямдралтай үнээр лангуу түрээслүүлэх боломж нөхцлийг судалж байна.
-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бас нэлээд боломж байдаг нь анзаарагддаг. Танай дүүргийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хэр хамтарч ажилладаг вэ?
-Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөрийн хэлтэс хамтран жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр дэмжлэг авсан эрхлэгчдийн туршлагыг харилцан солилцуулах, төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас таван жилийн хугацаатай жилийн 0.7 хувийн хүүтэй зээлийг дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан олгохоор төслүүдийг нь авч байна.
Энэ зээлд “Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль” –ийн тавдугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай,зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдынн өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэлтэй, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрөл авсан, ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгосон зэрэг нэлээд хэдэн шалгуур үндэслэлийг хангасан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжтой. Бидний хувьд энэ зээлд аль болох олон иргэнийг хамруулж, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь туслах зорилт тавин ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргасан зээлийн тухай мэдээллийг аль болох олон хүнд хүргэж, зээлд хамрагдах иргэдийн тоо олон байгаасай гэж хүсч байгаа учраас холбогдох мэдээллийг хороод болон хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байна.
-Зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авахад хязгаарласан хугацаа байгаа юу?
-Зээлд хамрагдах иргэдийн төслийг сарын хугацаанд авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хугацаа наадмын дараа дуусна. Өнөөдрийн байдлаар зээлд хамрагдах хүсэлтээ гаргаж, төслөө ирүүлж байгаа иргэдийн идэвх сайн байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд энэ зээл маш тохиромжтой нөхцөл гэж ойлгож байгаа.
-Анзаараад байхад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэх хэсэг иргэд хаана ч харьяалагдахгүй, орхигдоод байх шиг байдаг. Эдгээр иргэдэд зориулсан арга хэмжээ, зээл тусламж гэж байдаг болов уу?
-Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас гаргаж байгаа зээл, Ажилтай орлоготой Монгол хүн төсөлд хамрагдах боломжтой. Учир нь эдгээр хүмүүс “хувиараа хөдөлмөр эрхлэгчид” гэсэн тодотголтой л болохоос өрхийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй адилхан түвшинд бизнес эрхэлж байгаа шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүст бас боломж олгож ажиллах нь бидний үүрэг. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хандаж, тус хэлтсээс гаргаж байгаа ямар зээл, боломж, сургалт байна бүгдэд нь хамрагдан төслөө өгч, шалгаруулалтад орон зээлд хамрагдах боломжтой.
-Наадам маргааш болно. Харин наадмын дараа жил болгон Дээлтэй Монгол арга хэмжээг зохион байгуулдаг. Баянзүрх дүүргийн хувьд Дээлтэй Монгол арга хэмжээнд яаж оролцох гэж байна даа?
-Монгол үндэстэний хамгийн том бахархлын нэг бол Монгол үндэсний дээл. Тиймээс жил бүрийн наадмын дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дээлтэй Монгол” наадмын ёслол төгөлдөр зохион байгуулж, үндэсний өв соёл, уламжлал, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өв соёлыг гадаад, дотоодын иргэд, залуус, хойч үедээ сурталчлан таниулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жилийн хувьд Баянзүрх дүүргээс уламжлалын дагуу тус наадамд оролцсон. Энэ жилийн хувьд манай дүүргээс нэлээд ач холбогдол өгч, багагүй хугацаанд бэлтгэж, ажиллаж байна. Долдугаар сарын 13-нд Чингисийн талбайд болох тус арга хэмжээнд манай дүүргийн 28 хорооны иргэд, төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтан, ажилчид оролцоно. Баянзүрхээс оролцож байгаа иргэд Үндэсний хувцасаараа гоён баярын жагсаалд оролцож, ардын урлагийн тоглолт үзүүлж, “Монгол брэнд” үндэсний бэлэг дурсгалын зүйлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Мөн үндэсний хувцсны загвар үзүүлж, нийтийн цэнгээнт бүжгийг зохион байгуулж оролцоно.
Г.НАРАН