Монголоос төмөр замаар ачаа солилцох сонирхол бий

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Монголоос төмөр замаар ачаа солилцох сонирхол бий

Оросын төмөр замын Дорнод Сибирийн салбарын Замын албаны нэгдүгээр орлогч дарга Н.В.Малахинтай ярилцлаа.

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хүрээнд  хоёр орны төмөр замын хамтын ажиллагаа ямар байгаа гэж та үздэг вэ?

-Миний хувьд Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарын Замын албаны нэгдүгээр орлогч даргаар ажилладаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг 1949 онд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хамтарсан шийдвэрээр байгуулсан. Түүнээс хойш урт удаан хугацааны туршид төмөр замын салбарт хоёр орон сайн хөршийн ёсоор, бие биеэ хүндэтгэн нягт хамтран ажилаж байна. Дэлхий нийтийн хувьд ч, хоёр орны хувьд ч өнгөрсөн хугацаанд олон үйл явдал болж өнгөрсөн. Энэ бүх үед Оросын төмөр зам ХК Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирлээ. Өнөөдөр ч энэ ажил үргэлжилж байна. Өнөөдөр манай талаас галт тэрэгний зүтгүүр нийлүүлэх, зам засах зэрэг ажилд тусалж байна. Мөн Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байгуулж Монголын нутаг дахь ашигт малтмалын ордууд тийш хүрэх дэд бүтцийг сайжруулах ажил хийнэ. Эдгээр ордыг ашигласнаар Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжих болно. Үүнд хамтарсан хөрөнгө оруулалттай төмөр зам чухал үүрэг гүйцэтгэх юм.

-Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны хэтийн төлвийг та ямраар төсөөлж байгаа вэ?

-Монгол Улс ашигт малтмалын том ордуудаа ашиглах ажилд ид орж байна. Энэ үед хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Ази-Европыг холбосон чухал гүүр болно. Монголоос нүүрс ачсан нэг галт тэргийг ОХУ-ын Алс Дорнодын боомтод туршилтаар амжилттай хүргэсэн. ОХУ-ын олон үйлдвэр, аж ахуйн нэгж Монголтой харилцаатай ажилладаг. Тэдэнд Монголоос төмөр замаар ачаа солилцох сонирхол бий. Хэдийгээр ОХУ, Монгол, Хятадын хоорондох ерөнхий ачаа эргэлт зарим талаар буурч байгаа ч Хятадын талаас Монгол, ОХУ руу дамжуулах ачааны хэмжээ тасралтгүй өсч байна. Манай талаас Монголд 10 хүчирхэг локомотив өгсөн. Өнгөрсөн жил 57 км төмөр зам засварласан. Монгол- Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дэд бүтэц, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил хийж байна.Тогтмол төлөөлөгч солилцож байна. Саяхан ялалтын баяраар Монголоос төмөр замчин ахмадууд манайд айлчилсан. Концерт тоглож сонирхуулсан. Энэ бүхэн Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан манай ахмадуудад маш таатай сэтгэгдэл төрүүлсэн. Дээр үед хамтарч ажиллаж байсан ахмад төмөр замчид бие биетэйгээ уулзахад маш сайхан байсан. Хоёр орны төмөр замчдын хамтын ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно. Монгол оюутнууд манай Техникийн их сургуульд олноор сурч байна. Мэргэжилтэн солилцож байна. Монголд ашигт малтмалын ордууд эргэлтэд орж байна. Түүнд төмөр замын тээвэр хэрэгтэй. Тэгэхээр төмөр замын хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө. Өөр зам байхгүй гэдэгт итгэлтэй байна.
           

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж