Халимаг, монгол малыг дэлхийд таниулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Халимаг, монгол малыг дэлхийд таниулах боломжтой гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр ОХУ-ын Халимагийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Арилов Анатолий Нимеевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч, уулзлаа. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д удахгүй айлчилна. Энэ үеэрээ Ерөнхийлөгч  Халимагт зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Иймээс та бүхэнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаарх саналыг чинь сонсъё гэж бодлоо” гэв.

Манай хүрээлэн нутгийн уламжлалт малынхаа генийн санг хадгалах, сайжруулах болон газар тариалангийн чиглэлээр судалгаа хийдэг. Халимаг мал 400 жилийн өмнө тийш очсон ч монгол малтай ген нэгтэй. Тиймээс сонирхох, судлах зүйл бий. Тухайлбал, халимаг малынхаа генийн санг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Учир нь монгол мал цаг уурт дасан зохицох чадвар сайтай. Түүнээс гадна ОХУ-ын хэмжээнд махны үхэр үржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр Кавказаас Буриад хүртэл Оросын өмнөд нутгийг хамарч буй бөгөөд холбооны махны үхрийн 65 хувийг халимаг үүлдрийнх эзэлдэг. Хөтөлбөрийн хүрээнд хамтран халимаг, монгол малыг ОХУ-д төдийгүй дэлхийд таниулах боломж бий. Тэгэхдээ шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирэх ёстой. Хоёрт  Халимаг, Монгол дахь малын генийн санг сайжруулах хүрээнд Говьсүмбэр аймагт каракул хонины үр авчирч, туршсаныхаа төлийг үзлээ. Гуравт дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг зогсоох чиглэлээр туршлага солилцохыг сонирхож байна. Халимагийн их сургуулийн захирал залуучуудыг уламжлалт соёлоосоо суралцуулах зорилгоор хүн солилцооны асуудлыг сонирхдог. Би бас энэ сургуулийн хүндэт профессор учраас хүн солилцооны асуудлаар хүмүүстэй уулзаж байгаа гэж Арилов Анатолий Нимеевич ярилаа.

Махны үхрийн хөтөлбөр нь 2012 онд дуусах юм байна. Гэхдээ 2020 хүртэл хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр боловсруулж байгаа ажээ. Халимаг 2.5 сая хоньтой, 450 мянган үхэртэй, 22 мянган адуутай, 500 тэмээтэй юм. 76 үржлийн аж ахуйтайн ес нь холбооны хэмжээний үйл ажиллагаа явуулдаг байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж