Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Мөн Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг ч дэмжсэн байна.
Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч дэмжээгүй аж. Бүлгийн гишүүдийн хувьд “Засгийн газар дотроо асуудлыг зохицуулж, шийдвэрлэж болох байтал заавал тогтоолын төсөл санаачилж УИХ-аар батлуулах нь зохисгүй. Сүүлийн үед Засгийн газраас удаа дараа тогтоолын төсөл санаачилж УИХ-д оруулж ирэх болсон. Ач холбогдол багатай тогтоолын төслийг нь УИХ байн, байн хэлэлцэж, цаг заваа үрдэг боллоо” гэх шүүмжлэл ч гарсан байна. Тиймээс төслийг дэмжихгүй гэх байр суурь голлосон юм байна.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсч, ажлын хэсгийнхэнд цааш үргэлжлүүлэн төсөл дээр ажиллах үүрэг өгчээ.