Фотог. Бичлэгээс авав.
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагынхан Ражи нэртэй зааныг эзнийх нь харгислалаас чөлөөлсний дараа аварга амьтан баярласандаа уйлсан гэж The Daily Mail сонинд өгүүлжээ.
Ражийн эзэн (нэрийг нь зарлаагүй) 50 жилийн турш зааныг өргөстэй гинжээр гинжлэн зовоож, олны өмнө мэхийлгэж мөнгө олдог байжээ. Заан хүмүүсийн өгсөн хоолны үлдэгдлээс гадна хог ухан өл залгадаг байсан гэнэ.
Амьтан хамгаалагчид түүнийг жил шахуу хөөцөлдөж байж суллуулжээ. Хөлнөөс нь дөнгийг салгасны дараа түүний нүднээс нулимс гарсан гэж сонин өгүүлэв.
Эзэнд нь түүнийг эзэмших ямар нэгэн зөвшөөрөл баримт байгаагүй гэнэ. Заан 60-70 жилийн настай, 20 хүрсэн зааныг насанд хүрсэнд тооцдог. Гэрийн тэжээмэл зааны хувьд “ажлын нас” нь 16-гаас эхлэн 40 хүртэл нь үргэлжилдэг ажээ. Харин зэрлэг байгальдаа биш бол заан богино насладаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР