Монгол бичигтэй өвөр монголчуудыг баялаг бүтээхэд ашиглая

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Монгол бичигтэй өвөр монголчуудыг баялаг бүтээхэд ашиглая

ЦУВРАЛ 2

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны долдугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан. Энэхүү зарлигийн гуравдугаарт, “Монгол үндэстэн, угсаатнуудыг Монгол Улсад ирж хөдөлмөрлөх, сурах, амьдарч суурьших бололцоогоор хангах ажлыг үе шаттайгаар, сонголттойгоор гүйцэтгэх эрх зүй, хөрөнгө санхүү, зохион байгуулалтын арга хэмжээг тооцоо, судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэх” хэмээн заасан байгаа билээ. Энэхүү заалттай холбоотойгоор Монголд байгаа өвөр монголчуудын хэрхэн амьдарч, юу хүсч мөрөөдөж, юунд зовинож явдагыг сонирхлоо. Энэхүү сурвалжлага маань Монголд оршин суугаа өвөр монголчуудтай уулзан, тэдний ярьсан, хэлсэнийг буулгасан хэлбэрээр нийтлэгдэх бөгөөд нийтдээ дөрвөн цуврал байх юм.

Сэргэлэн: Өвөр монголчууд голдуу дөрвөн төрлийн визтэйгээр Монголд амьдардаг. Оюутны, хөдөлмөр эрхлэлтийн, хөрөнгө оруулалтын, хөдөлмөр эрхлэх шугамаар орж ирээд гэр бүлийн виз авсан гэсэн дөрвөн төрлийн.

Суралцагчид хэдэн зуугаар орж ирсэн байх, монголчуудтай гэр бүл болсон нь мянга дөхсөн гэж бодъё. Дээр нь сайн санаат монголчуудын тусламжтайгаар компаниа бүртгүүлсэн хэдэн зуун хөрөнгө оруулагч нэртэй өвөр монголчуудыг нэмээд нэг их тоо гарахгүй. Албаны эх сурвалжид мэдээлснээр, Монголд нийт 24400 орчим гадаадын иргэн байгаагаас найман мянга орчим нь хятад иргэд гэнэ. Тэгвэл энэ дотор хэд нь жинхэнэ өвөр монголчууд байдаг тухай тодорхой тоо алга байна. Тэдний ахуй амьдрал ямар байдаг тухай мэдэх хүн ховор.

Хөдөлмөр эрхлэх зорилгоор яг хэдэн өвөр монгол орж ирэх нь Хятад компанийн сонирхлоос шалтгаална. Энэ тоо жилийн хэдэн зуугаас давахгүй байх. Монголд нэг жилд орж ирдэг хорин хэдэн мянган хятад иргэнтэй харьцуулахад дэндүү чамлалтай энэ тоог Хятад компанийн эзэд Монгол төрийн өмнөөс шийдэж байгаа юм.

Хар ажилчдын тоог хязгаарлан монголчуудаа ажлын байраар хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах бодлого зөвөөс зөв хэдий ч энэ нь эргээд Монголоо гэсэн өвөр монголчуудад маш хүнд тусч байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Хөрөнгө оруулалтын шинэ хууль гарсан. Түүнд том төсөл хэрэгжүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдад татварын бус дэмжлэг үзүүлнэ гэж байгаа. Энэ нь том төсөл хэрэгжүүлэх мөнгөгүй өвөр монголчууд хашааны гадна үлдэнэ гэсэн үг л дээ.

Сүмбэр: Хөдөлмөр эрхлэх визээр орж ирэх өвөр монголчуудын тоо жил ирэх тусам буурч буй. Энэ нь нэг талаар Өвөр Монгол залуусын гэр бүлийн визтэй болох боломж хаагдаж байгаа хэрэг. Уг нь Өвөр Монголд ганц бие залуус олон, монголд охид олон шүү дээ. Удмын сангаа сайжруулах тухай монголчууд ярьдаг шүү дээ.


Хөрөнгө оруулалтын визээр орж ирсэн өвөр монголчуудын “х” тайлантай компаниуд эхнээсээ татан буугдаж, хөрөнгө оруулагч нэрийн доор Монголд оршин суугчид албаар нутаг буцаж байгаа. “х” тайлантай ч тодорхой хэмжээний татвараа төлөөд явдаг компанийн Өвөр Монгол эзэнд гэрчилгээг нь, хөрөнгө оруулалтын картыг нь яагаад сунгаад өгч болохгүй гэж. Тодорхой ажлын байр бий болгоогүй ч, тэдний тусламж, зуучлалаар олон өвөр монгол жилийн жилд Монголд аялал жуулчлалаар ирдэг. Нэг ёсондоо Монголыг гадаадад сурталчлагч юм шүү дээ. Тиймээс шууд бус хөрөнгө оруулагч тэднийг урамшуулах үүднээс Өвөр Монгол эзэнтэй компанийг битгий татан буулгаач гэж гуйж байна .


 Оршин суух эрх хөөцөлдөж байгаа өвөр монголчуудад “ок” гэж хэлэхийг холбогдох байгууллагын нөхдөөс хүсч байна. Галт тэргэнд суугаад Замын Үүдээр орж ирээд шалгуулахад заримдаа гаалийн нэг охин вагонд ороод ирдэг, тэр биднээс “бүгд өвөр монгол уу” гэж асууна, бүгдээрээ нэгэн зэрэг “тийм ээ” гэвэл тэр охин “за, болсон” гээд яваад өгдөг. Эрээний гаалиар орж ирэхдээ биедээ авч явсан жижиг хайчаа хүртэл хураалгасан өвөр монголчуудаа тэр охин сайн мэддэг ажээ.

Саруул: Хөрөнгө оруулах, хөдөлмөрлөх, суралцах эсэхийг харгалзахгүйгээр зуун саяас дээш үл хөдлөх хөрөнгөтэй өвөр монголчуудад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөр зэрэг өгөх тогтоол гарвал нэгэнт Монголд олон жил амьдарсан өвөр монголчуудын сэтгэл зүй дорхноо өөрчлөгдөнө гэдэгт итгээрэй. Гэр бүлийн визтэй өвөр монголчуудад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг нь шууд олгож байвал ямар гоё вэ.

Өвөр монгол, дээр нь монгол бичигтэй  ажилчны ажлын байрны хураамжийг тавин хувиар хөнгөлнө гэсэн нөхцөл болзлыг Хятад компанид тавьж болохгүй гэж үү. Энэ нь хятадууд өвөр монголчуудад хүндэтгэлтэй хандахад шууд нөлөөлнө.


“Монголчууд та нарт дургүй” гэсэн мессежийг итгүүлэхийг оролддог хятадуудын бодлыг монголчууд л өөрчилж чадна. Дэлхий дээр япончууд л өвөр монголчуудыг нааштай хүлээж авдаг цорын ганц улс болоод байна. Өнгөрсөн зууны наяад оноос одоо болтол  хорь гучин мянган өвөр монгол Арлын орныг зорьж, эрдмийн ихийг сурч, хүнд хэцүү ажлын ард ажиггүй гарч, сайн сайхан амьдрах мөрөөдлөө биелүүлж чадаж байна. Одоо Японд 6000 гаран өвөр монгол сурч, аж төрөн амьдарч буй. Тэдний сурах визийг нэг удаад гурван жилээр, ажиллах гэр бүлийн визийг нь таван жил, арван жилээр сунгадаг. Японд байгаа өвөр монголчууд Монголд ирж амьдрах сонирхолтой, харин энэ тухай Монголын төр засаг бодит алхам хиигээсэй. Японд хөрөнгөжсэн өвөр монголчууд байдаг шүү.

Бамбар: Та бүхэн их зөв юм ярьж байна. Харин Сүмбэрийн яриан дээр нэмж хэлэхэд, хамгийн гол нь Өвөр монголчуудад хөрөнгө оруулах, жижиг бизнес хийх боломж олгооч гэж хэлэх байна. Өвөр монголчууд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулж уурхай ажиллуулах чадал байхгүй. Харин дөрөв таван хүнтэй цэх ажиллуулах боломж бололцоо, хөрөнгө мөнгө нь буй. Компани байгуулахад шаардаж буй зуун мянган ам.долларыг өвөр монголчуудад 50 хувь, бүр 90 хувь болгож хөнгөлвөл яасан юм вэ, ийм компани хятад эзэнтэй байх нь илэрвэл шууд төр хурааж авахаар зохицуулж болно шүү. Дэлхий нийтийн жишгээс харахад, жижиг дунд үйлдвэр дээр босч ирсэн улс гүрэн тогтвортой хөгжлөө удаан жил хадгалж чаддаг. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж шинээр баталсан, энэ гэрээ том хөрөнгө оруулагчдад бүх талын боломж олгох нь тодорхой. Харин өвөр монголчуудад оршин суух эрх нь хөрөнгө чинээгээсээ шалтгаалан  автоматаар хаагдаж буи гэсэн үг.

Саруул: Хууль эрх зүйн өцгөөс харахад ,өвөр монголчууд бол монгол бичигтэй гадаад хүмүүс. Тэд монгол бичгийн мэрэгжилтэй. Ийм хүмүүст оршин суух эрхийг шийдэж өгөх нь зүйтэй болов уу. Энэ нь хятад бизнесмэнүүд хажуудаа ажиллаж буй өвөр монголчуудад хүндэтгэлтэй хандах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Монголд хөрөнгө оруулалт хийж буй хятадуудын дунд өвөр монголчуудыг битгий ажилд ав гэсэн бичигдээгүй хууль үйлчилдгийг монголчууд л хүчгүйдүүлж чадна. Оршин суух эрх олгоход тодорхой болзол тавьж болно. Жишээ нь, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.2.4 дэх “Хөрөнгө оруулах” гэдэг заалтад “зуун саяас дээш үл хөдлөх хөрөнгөтэй, монгол бичигтэй хүнд шууд оршин суух өгч болно” гэж зааж өгвөл яах вэ. Энэ нь монголд орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ. Зуун саяын үнэтэй байрыг зуун хүн авлаа гэхэд жилд 10 тэрбум төгрөг болох юм.

Улаанбаатарт байр авсан өвөр монголчууд буй, тэд үл хөдлөх хөрөнгөө харж хамгаалахын тулд оршин суух эрх хэрэгтэй. Монгол бол хувийн өмчийг дээдэлдэг ардчилсан улс. Эдийн засгийг эрчимжүүлэх тухай дээр дооргүй ярьж байна. Энэ ажилтайгаа уялдуулж Засгийн газар өвөр монголчуудад хандсан хөрөнгө оруулалтын зөөлөн бодолго гаргаж болно.


Оршин суух эрх авсан өвөр монголчуудаас тодорхой хэмжээний татвар авч, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл автоматаар олгож байх, тэр татвараа жишээ нь, монгол бичгийг сэргээх төрийн ямар нэг санд төвлөрүүлж, хаяг реклам, тамга тэмдэг, өргөмжлөлөө монгол бичгээр хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид урамшуулал хэлбэрээр олгож болох юм. Хаяг реклам, тамга тэмдэг, өргөмжлөлөө монгол бичгээр хийх нь тэр чигээрээ бизнес. Улаанбаатарт ийм бизнесийн зах зээлийн үнэлгээ нь 50 сая доллар байна гэсэн тооцоо ч бий. Ийм бизнес монгол бичгийг богино хугацаанд түгээн дэлгэрүүлэх хамгийн сайн арга байж болно. Монгол бичиг сурсан хүмүүст ажлын байр буй болно.

Төв талбайн баруун талд байгаа “Монгол орноо мандуулъя” гэсэн үгийг монгол бичиг болговол хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж эхэлнэ шүү. Үүнийг Э.Бат-үүл дарга лав дэмжинэ гэж бодож байна. Түүний аав буюу С.Эрдэнэ зохиолчийн бүтээл монгол бичиг дээр их тархсан байдаг. “Буцааж авах эрх”, “Занабазар” романаас эхлүүлээд.

Буяндалай: Үл хөдлөх хөрөнгөтэй өвөр монголчуудад оршин суух эрх өгч бололгүй яахав, үнэхээр сэтгэл нь байвал. Гэтэл хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүйгээр оршин суух авлаа гээд яах юм бэ? Дахиад л Монголд хөрөнгө оруулсан хятад захирлыг царайчлах болно. Монголд байгаа өвөр монголчуудад ажил олгох эсэх нь хятад компанийн мэдэл болчихоод байгаа шүү. Тэнд ажилд орж чадахгүй бол бүх юм будаа. Нэг ёсондоо Монголд байгаа өвөр монголчуудыг Монголын засаг төр биш хятад компаниуд хяналтдаа авсан гэсэн үг.

Уул: Монголд хуулийн дагуу нэг жилээс дээш амьдарсан  өвөр монголчуудад тодорхой шалгуурын дагуу, жишээ нь үл хөдлөх байх эсэх, монгол бичигтэй эсэхийг нь үндэслэж, оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл төвөггүй олгох тэр өдрийг Монголд нэгэнт амьдарч буй өвөр монголчууд тэсэн ядан хүлээж байна. Монгол төрийн гурван өндөрлөгт хандаж хэлэхэд энэ бол эдийн засгийн талаасаа Монголд ашигтай.

Өвөр монголчуудад оршин суух эрх өгөх нь цаад утгараа бизнес хийх нөхцөлийг дэмжиж буй хэрэг. Учир нь, монголын бараа бүтээгдэхүүнийг ганзагын наймаа хэлбэрээр Хятадад зарж, амьдралаа залгуулж буй хэсэг өвөр монгол бий. Тэд Монголыг сурталчлагчид мөнөөс мөн. Тэдний эгнээг тэлэхэд Монголын Засгийн газар тодорхой ажил хийх нь зүйтэй. Монголын брэнд буй болгоход өвөр монголчуудыг ашиглах хэрэгтэй мэт. Харин “бид Бээжинд очоод хятадуудтай англиар учраа олж чадна. Юун өвөр монгол вэ” гэж хандах нь ёстой тэнэглэл. Хятадын авилгад унаснаа хятад, монгол хамтарч байна хэмээн ойлгох гээд байгаа бололтой.

Монголын гурван сая иргэн хятадад гуч хоног хүртэл визгүй зорчиж болно. Энэ нь өнгөц харахад худалдааг хөнгөвчилж байгаа мэт боловч яг үнэндээ монголчуудын сэтгэл зүйг байлдан дагуулж буй стратеги мөн. Илэн далангүй ярихад, ийм хөцөл байдалд тохируулан Монголын Засгийн газар тодорхой шалгуур хангасан өвөр монголчуудад оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгөх нь адилхан стратеги мөн.

Батаа: Өвөр монголчууд сүүлийн жилүүдэд газраа их зарж байна. Тэр мөнгийг Монгол руу чиглүүлэх арга бодох нь зөв. Япон болоод Хятадын өмнөд мужуудаар олон жил бизнес хийж мөнгөтэй болсон хүмүүс эхнээсээ Монголд ирж байна. Тэдгээр хүмүүс байр сав авах мөнгөтэй хирнээ оршин суух, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахын төлөө хуурамч компани бүртгүүлэх, эсвэлл хятад компанийг царайчлан хөдөлмөрийн юм уу, ямар нэг виз авч түүгээр оршин суух эрхээ хөөцөлддөг. Тэгж яваад хар тамга даруулсан өвөр монгол бий. Хятад хүмүүс хар тамга даруулсан ч тоохгүй өөр улсад яваад өгнө. Харин өвөр монгол Монголоос өөр хаа нь очиж амьдрах билээ. Тэд Монголд ирж байгаа нь бизнестээ биш, монголоороо байхсан, өв хөрөнгөө үр хүүхдээ Монголдоо үлдээх гэсэн хүсэл нь дийлж байгааг би мэднэ. Саяхан гэр бүлээрээ Монголд ирсэн залуутай танилцлаа. Хүүгээ монгол хэлтэй болгох гэж ирсэн бас өөрөө IT мэргэжилтэй болохоор монголд нэг юм хийхсэн гээд явна. Оршин суух, хөдөлмөр эрхлэх эрх авах гэж бас л худлаа компанийн эзэн болоод явж байна. Хуулиндаа тийм компанийг эрт оройгүй татан буулгана. Тэгвэл голомт нутгаа зорьж ирсэн хүмүүс яах вэ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй оршин суух тухай хууль эрх зүйн нөхцөлийг хятад нөхөд мөрдөөд явах бүрэн боломжтой. Жишээ нь, Монголд бизнес хийхээр орж ирсэн хятад иргэн 100.000 ам.доллар төлж компани бүртгүүлэх юу ч биш. Арга ядахад монгол эмэгтэйтэй, цагаачийн хүүхдүүдтэй түр ч болов хамт амьдарч, хүүхэд төрүүлээд оршин суух асуудлаа шийдэж ч болж байна. Дашрамд хэлэхэд, цагаач нар хятад хэлээр өвөр монголчуудаас ч гоё ярьж байгаа нь гайхалтай. Тэд урдаас ирсэн хятадтай суухыг илүүд үзэх болов. Эцэг эхээсээ Монголд амьдарч, яг үнэндээ монгол биш ч Монголын иргэн гэж хэлж болох хүмүүсийн сэтгэл ийн эргэж буй нь сайн уу, муу юу бүү мэд.

Нэг найзын мань ярьсан шиг урдаас оруулах ажилчид монгол хэлтэй өвөр монгол байх тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн хураамжийг 50 хувиар хөнгөлж болохгүй гэж үү. Ш.Чоймаа багш гадаадаас оруулж буй ажилчдаас монгол бичгийн шалгалт авья гэж хэлж байсан.


Тэмдэглэсэн А.ЧАНДМАНЬ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж