Герман “машин” илүүрхлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.09-нд нийтлэгдсэн

Герман “машин” илүүрхлээ

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээгийн түүхэндээ зургаан гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтай ялагдал амссан удаагүй. Тэр тусмаа эх орондоо, үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө олон гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтайгаар талбайгаас орхисон түүхгүй. 1950 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразилын шигшээ Уругвайд хожигдож, ард түмнээ нулимстай, хар дурсамжтай үлдээсэн гэдэг. Гэвч тухайн тоглолтод Бразил Уругвайг басч байж, хожигдсон удаатай. Харин энэ удаад үнэхээр өрсөлдөгчөө барсангүй. 

 

 

Тоглолт эхлэхээс өмнө Бразилын шигшээ багийн од Неймар гэмтэл авч, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас талбайд гарахгүй болсон ч бразилчууд эх нутаг, үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ итгэж байна гэж ярьж байлаа. Гэтэл байдал өөрөөр эргэж, Герман “машин” ажиллаж эхлэв. Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Харин энэ тоглолтын 20-30 дахь минутад Бразилын шигшээ багийн хувьд жинхэнэ “аймшиг” байсан. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Мөн Мирослав Клозе Бразилын домогт хөлбөмбөгч Роналдогийн ДАШТ-д 15 гоол оруулсан дээд амжилтыг эвдлээ. Үүнээс хойш ДАШТ-ий бүх цагийн үеийн мэргэн бууч хэмээх эрхэм алдар 16 гоол оруулсан Мирослав Клозед шилжлээ. Бразилын домог Роналдо ДАШТ-д 15 гоол оруулсан юм.

 

 

Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоож чадав. Энэхүү дээд амжилт нь хагас шигшээгийн эхний үед хамгийн хурдан таван гоол оруулсан гэдэг үзүүлэлт юм. Харин бразилчууд нэгэн сөрөг дээд амжилтыг тогтоолоо. ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын эхний 45 минутыг тав гоолын зөрүүтэй хожигдож, өндөрлүүлсэн шигшээ баг үгүй. Харин Бразил хагас шигшээ тоглолтын эхний 45 минутад таван гоол алдсан анхны баг боллоо.

Тоглолтын хоёрдугаар хагаст бразилчууд зөвхөн хожигдох гэж талбайд гарсан гэлтэй. Бразилын шигшээн довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргасаар байлаа. Улмаар сэлгээгээр талбайд гарсан Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулж, дубль хийлээ. Харин 90 дэх минутад Бразилын шигшээгийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийн гоол авчирсан юм. Магадгүй германчууд Оскарын энэ гоолыг бэлэглэсэн ч байж болох. Ийнхүү Германы шигшээ Бразилыг эх оронд нь, сая сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 7:1-ийн харьцаатай “бут ниргэлээ”. Бразилын шигшээ баг 1998 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Францад 3:0-ийн харьцаатай хожигдож, гутамшиг болсон түүхтэй. 1998 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Бразилын шигшээг эх орондоо очиход, онгоцны буудалд хэн ч тосч аваагүй гэдэг. Харин энэ удаа тэд эх орондоо 7:1-ийн харьцаатай хожигдлоо. Бразилын ард түмэн яаж хүлээж авахыг бүү мэд.

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж