
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Сайд нарын уулзалтанд танилцуулах “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадваржуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтэлийг хэлэлцүүлэх уулзалт өнөөдөр боллоо. Уг илтгэлийг үндэсний хэмжээнд хэлэлцүүлж энэ оны 6 дугаар сард НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн сайд нарын зөвлөлдөх уулзалтанд илтгэх юм.Тус уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, жендерийн асуудлаарх НҮБ-ын ажлын хэсгийн ахлагч Рана Фловерс, болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэмжлэг зохицуулалтын газрын, бодлогын зохицуулалтын газрын дарга Чикаго Такаси болон бусад төлөөлөлүүд оролцох юм байна. НҮБ-ын тус уулзалтад Монгол улс илтгэл тавих хүсэлтээ тавьж, илтгэл танилцуулах 13 орны тоонд багтсан юм. Ингэснээр НҮБ-аас Монгол Улс дэмжлэг туслалцаа авах боломж нээгдэж байгаа нь ач холбогдолтой юм байна.
Үндэсний илтгэлийг Мянганы хөгжлийн зорилтуудтай уялдуулан, “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, эхийн эндэгдлийг бууруулах”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл ба хөдөлмөр эрхлэлт” гэсэн гурван асуудлын хүрээнд боловсруулаад байгаа аж.
Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах болон эмэгтэйчүүдийн улс төрд оролцож байгаа байдлаар нь авч үзвэл УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь3,9 байгаа нь Номхон далайн орнуудтай ижил түвшинд байна гэж үзжээ. Мөн ядуурлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний наймаа зэрэг жендерт суурилсан олон асуудал эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан хэвээр байгаа гэнэ.
Б.Алтансүх